МЭНДЧИЛГЭЭ
ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧИЙН МЭНДЧИЛГЭЭ
Шинэ Монгол Технологийн Дээд Сургуулийн цахим хуудсанд тавтай морилно уу. Улсын хөгжил хүний хөгжлөөс, хүний хөгжил нь чанартай боловсролоос хамаарна гэсэн итгэл үнэмшил бидэнд байдаг тул аль ч шатны сургуулиа чанартай сургалт явуулдаг, ирээдүйд Монгол орны хөгжлийг нуруундаа үүрч явах манлайлагчдыг бэлтгэх, хамгийн гол нь эрүүл бие, саруул ухаан, сайхан сэтгэлтэй хариуцлагатай шинэ цагийн иргэдийг төлөвшүүлэхийг зорьж ирлээ. Та бүхэн манай хуудаснаас Шинэ Монгол Технологийн Дээд Сургуультай танилцаж, сургуулийн онцлогийн талаар мэдээлэл авч, сургуулийн соёлын талаар ерөнхий ойлголттой болж, сайн менежментийн туршлагын талаар мэдээлэл авч, манай бүтээлч хамт олны ололт амжилтаас товчхон ч гэсэн танилцах боломжтой юм. Бид байнга суралцагч байгууллага байхыг зорьдог ба дэлхийн ямар оронд, ямар шинэ туршлага, арга зүй гарч байгаагаас соргогоор суралцахыг хичээдэг. Бидний туйлын хүсэл бол Монгол эх орон минь монголоороо байж, монголоороо хөгжиж, монгол хүний оюун ухаан дэлхийд үнэлэгдэх явдал юм. Монгол өв уламжлал, нүүдэлчин соёлыг орчин үеийн шинжлэх ухаантай хослуулж, одоогийн хүүхэд залуусын бие сэтгэхүйн онцлогийг тооцон орчин үеийн сургалттай хослуулахыг зорьж ажилладаг. 2000 онд анх бие даасан гурван жилийн “Шинэ Монгол” ахлах сургууль байгуулагдаж байсан бол 2004 онд дунд, 2008 онд бага сургууль, 2014 онд Шинэ Монгол технологийн дээд сургууль, Шинэ Монгол технологийн коллежийг тус тус үүсгэн байгуулсан. Үүнээс гадна 2016 онд Бяцхан монгол цэцэрлэг, 2018 онд Шинэ Монгол Харүмафүжи ЕБС мөн 2015 онд “Юү лангүэж” хэмээх япон хэлний төв, 2019 онд “Ачарья Шинэ Монгол” хэмээх англи хэлний төв үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Түүнчлэн монголынхоо их дээд сургуулийн оюутнуудад тэтгэлэг олгодог “Шинэ Монгол – Мабүчи тэтгэлгийн сан”, “Жанчив сан” зэрэг сангаараа дамжуулж монголын боловсролд бодитой хөрөнгө оруулалт хийж ирсэн юм. Мөн 2020 оны 8 сараас эхлэн нийгмийн хариуцлагын хүрээнд “Төрийн өмчийн ЕБС-ийн менежментийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх” төслийг хэрэгжүүлэх зорилгоор “Сургууль судалгаа хөгжлийн Шинэ Монгол төв” ТББ-ыг байгуулаад байна. Монголын сургуулиудыг сургалтын чанараа сайжруулахад нь хувь нэмрээ оруулах нь Шинэ Монголчууд бидний шинэ зорилт, шинэ мөрөөдөл болоод байна. Та бүхэнтэй хамтран ажиллахад манай Шинэ Монгол Технологийн Дээд сургуулийн үүд хаалга үргэлж нээлттэй байх болно.
УЛС ОРНЫ ХӨГЖИЛ ХҮНИЙ ХӨГЖЛӨӨС
ХҮНИЙ ХӨГЖИЛ ЧАНАРТАЙ БОЛОВСРОЛООС
ШМЭХ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ
МУ-ын гавъяат багш, доктор(Ph.D)
ЖАНЧИВЫН ГАЛБАДРАХ
СУРГАЛТ ЭРХЭЛСЭН ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ
Шинэ Монгол технологийн дээд сургуулийн (ШМТДС) профессор багш, ажилтан, оюутан залуус, үе үеийн төгсөгчид, хамтран ажилладаг гадаад дотоодын их, дээд сургууль, байгууллагын төлөөлөл та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.
Монгол улсын гавъяат багш Ж. Галбадрах 2014 онд ШМТДС-ийг үүсгэн байгуулсанаас хойш манай сургууль инженерийн дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэж улс орныхоо хөгжил дэвшилд бодитой хувь нэмэр оруулсаар байна.
Одоо манай сургууль 4 тэнхимтэй, 20 гаруй үндсэн багштай, 10 гаруй ажилтантай, бакалаврын 8, магистрын 5 сургалтын хөтөлбөрөөр сургалт судалгааны үйл ажиллагаа явуулж байна. Манай сургууль нь цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, техникийн коллеж, япон хэлний сургалтын төвийг нэгтгэсэн Шинэ Монгол эрдмийн хүрээлэнгийн бүрэлдэхүүнд багтдаг.
Сүүлийн жилүүдэд Япон улсын нэр хүнд бүхий төрийн болон хувийн хэвшлийн их дээд сургууль, байгууллагуудтай хамтран ажиллах гэрээ байгуулан оюутан болон багш солилцооны чиглэлээр амжилттай ажиллаж байна.
Бид инженерийн дээд боловсрол олгох орчин үеийн сурганы арга, технологийг нэвтрүүлэх замаар эх орноо хөгжүүлэх дэлхийд үнэлэгдэх энтрепренер инженерийг бэлтгэхийн тулд ШМДТС-2034 стратеги төлөвлөгөө”, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал Алсын хараа 2050–ийг үйл ажиллагааны үндсэн чиглэлээ болгон ажиллаж байна.
Монгол улсад үнэ цэнэтэй бүтээгдэхүүн бий болгож бодитой хөгжлийг авчирагч инженерүүдийг бэлтгэх үйлсэд та бүхэнтэй хамтарч ажиллахад манай сургуулийн хамт олон үргэлж нээлттэй байх болно.
МЭДЛЭГЭЭ БҮТЭЭГДЭХҮҮН БОЛГОЦГООЁ
ШМТДС-ийн сургалт эрхэлсэн захирал
МУ-ын зөвлөх инженер, доктор(Ph.D), дэд профессор
ПУНЦАГИЙН АЮУРЗАНА
МОНГОЛЫНХОО ИХ ДЭЭД СУРГУУЛИУДЫГ МАНЛАЙЛЖ ЖИШИГ ИХ СУРГУУЛЬ БОЛОХ
ЭХ ОРНОО ХӨГЖҮҮЛЭХ ДЭЛХИЙД ҮНЭЛЭГДЭХ ЭНТРЕПРЕНЕР ИНЖЕНЕРИЙГ ОРЧИН ҮЕИЙН СУРГАНЫ АРГААР БЭЛТГЭХ
ЭЗЭН СЭТГЭЛ, ТАЛАРХАХ СЭТГЭЛ, ШИНЭ МОНГОЛЫН АЛТАН ГУРВАЛЖИН, АКАДЕМИК ЭРХ ЧӨЛӨӨ, БҮТЭЭЛЧ ЧАНАР
МЭДЛЭГЭЭ БҮТЭЭГДЭХҮҮН БОЛГОЦГООЁ
- СУРГАЛТ, СУДАЛГААГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЯВЦАД ШМТДС МОНГОЛ УЛСЫН ӨМНӨ ХҮЛЭЭСЭН НИЙГМИЙН ХАРИУЦЛАГАА УЛАМ НЭМЭГДҮҮЛЭХ,
- ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ БҮХ САЛБАРТ АКАДЕМИК ЧАНАРЫГ ХЭРЭГЖҮҮЛЖ ЭЗЭН СЭТГЭЛЭЭС ХАНДАХ,
- СУРГУУЛИЙН БҮХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ДЭЭД БОЛОВСРОЛЫН ОЛОН УЛСЫН СТАНДАРТЫГ НЭВТРҮҮЛЖ СУРГАЛТ, СУДАЛГААНЫ ЧАНАРЫГ ШИНЭ ШАТАНД ГАРГАХ
- УЛИРАЛ БҮРД ЯВЦЫН ҮНЭЛГЭЭНИЙ АРГААР ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ
- ТАСРАЛТГҮЙ САЙЖРУУЛАЛТ ХИЙХ ЗАМААР ИРЭЭДҮЙН ЧАНАРТАЙ ГҮЙЦЭТГЭЛИЙГ БИЙ БОЛГОХ
ТОВЧ ТҮҮХ
-
Манай Шинэ Монгол Технологийн Дээд Сургууль 2014 онд байгуулагдаж 6 үндсэн багш, захиргааны 3 ажилтантай, нийт 45 оюутантайгаар сургалтаа эхэлж байсан.
-
2018 онд механик инженер хөтөлбөрөөр 2 оюутан, цахилгаан инженер хөтөлбөрөөр 4 оюутан, барилгын инженер хөтөлбөрөөр 7 оюутан, програм хангамж хөтөлбөрөөр 2 оюутан, нано шинжлэх ухаан, инженерчлэл хөтөлбөрөөр 3 оюутан, химийн инженерчлэл хөтөлбөрөөр 3 оюутан тус тус анх төгссөн.
-
2023-2024 хичээлийн жилд 5 төрлийн инженерийн мэргэжлийн бакалаврын хөтөлбөрт 300 гаруй оюутан, 3 төрлийн инженерийн мэргэжлийн магистрын хөтөлбөрт 30 гаруй оюутантайгаар 20 үндсэн багш, 6 гэрээт багш, сургалтын алба, чанарын алба, захиргааны албаны 6 мэргэжилтэнтэй сургалт, судалгааны үйл ажиллагааг явуулж байна.
-
2020 оноос ШМТДС-ийн бүх хөтөлбөрт инженерийн сургалтын орчин үеийн арга зүй болох CDIO системийг нэвтрүүлж, инженерийн боловсролын хөтөлбөрийг шинэчлэх ажлыг эхлүүлсэн. Энэ орчин үеийн сургалтын арга зүйг нэвтрүүснээр оюутнууд онолын мэдлэгээ практикт хэрэглэх ур чадвартай болохоос гадна өнөөгийн ажил олгогчдын шаардаж буй харилцааны ур чадвар, багаар ажиллах ур чадвар, шинэ бүтээгдэхүүн зохион бүтээх ур чадвартай болон төгсч сургалтын чанарт мэдэгдэхүйц ахиц гарч эхэлсэн.
-
2023 онд математикийн багш, физикийн багш, химийн багш бэлтгэх тусгай зөвшөөрөл БШУЯ-наас авч 2024-2025 оны хичээлийн жилээс эхлэн элсэлт авахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
ТҮҮХЭН ЗАМНАЛ
2014
Шинэ Монгол Технологийн Дээд Сургуулийн 2014 онд Ж.Галбадрах Ч.Ганзориг нар үүсгэн байгуулав
2014
2014 оноос жил бүр ШМТДС-ын рюутнууд улсынхаа намрын ургац, хүнсний ногоо хураах ажилд хувь нэмэрээ оруулж байна
2015
2015 онд Япон улсын Күрүмэгийн их сургуульд анхны танилцах дадлага, оюутан солилцоонд хамрагдав.
2017
2017 онд Нано шинжлэх ухаан ба инженерчлэл хөтөлбөрөөр магистрийн анхны төгсөлтөө хийв.
2017
2017 онд математикийн профессор В.Адъяасүрэн Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цол хүртэв.
2018
2018 онд бакалаврийн анхны төгсөлтөө хийв
2018
2018 оны “Хүрэл тогоот” ЭШ хуралт ШМТДС-ийн магистрийн оюутан Ц.Туул БСШУС-ын сайдын нэрэмжит Грант хүртэв.
2019
2019 онд Магадлан итгэмжлэлийн гэрчилгээ гардав.
2019
Шинэ Монгол Технологийн дээд суогуулийн 5 жилийн он баярыг тэмдэглэв.
2021
Шинэ Монгол Технологийн Дээд Сургуулийн үүсгэн байгуулагч доктор Ж.Галбадрах Монгол Улсын Гавьяат Багш Цол хүртэв.
2022
2022 оны олон улсын математикийн нээлттэй олимпиадаас Б.Адъяатөмөр, Б.Жамба, Б.Мөнх-Оргил нар алт, Я.Сайнбаяр хүрэл медаль тус тус хүртэв.
2022
2022 онд компьютерийн ухаан хөтөлбөрөөр оюутан бэлтгэж эхлэв.
2023
Багш. математик болон физик, химийн боловсрол хөтөлбөрийн мэгэжилтэн бэлтгэх эрх авав.
2023
2023 оны үндэсний “ABU robocon” тэмцээнд 3- р байрт шалгарав.