
Мэдээ
2026 оны дөрөвдүгээр сарын 15
VIII ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026 оны 04 дүгээр сарын 14-ний Мягмар гарагт Шинэ Монгол Технологийн Их Сургуулийн VIII удаагийн Оюутны эрдэм шинжилгээний хурал бакалаврын түвшний оюутнуудын дунд амжилттай зохион байгуулагдлаа.
Зургийн цомог
2026 оны 04 дүгээр сарын 14-ний Мягмар гарагт Шинэ Монгол Технологийн Их Сургуулийн VIII удаагийн Оюутны эрдэм шинжилгээний хурал бакалаврын түвшний оюутнуудын дунд амжилттай зохион байгуулагдлаа.
Тус хурлын II шатанд нийт 16 судалгааны ажил шалгарч, 2026 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр амжилттай хэлэлцүүлэгдэн шилдэг илтгэлүүдээ тодрууллаа. Хурлыг ШМТИС-ийн сургалт, судалгаа эрхэлсэн проректор, доктор, профессор П.Аюурзана албан ёсоор нээж, оролцогчдод амжилт хүслээ.
Энэ удаагийн хурлын шүүгчээр:
● ШМТИС-ийн сургалт, судалгаа эрхэлсэн проректор, доктор, профессор П.Аюурзана
● Компьютерийн ухааны тэнхимийн багш, доктор, дэд профессор Т.Гантөр
● Ерөнхий эрдмийн тэнхимийн багш, доктор, дэд профессор Ж.Эрдэнэтогтох
● Химийн инженерчлэлийн тэнхимийн багш, магистр Ж.Очбаатар
● Барилга, архитектурын тэнхимийн багш, магистр Г.Уранбилэг нар ажиллалаа. Мөн тус хурлын зочин илтгэгчээр Химийн инженерчлэлийн тэнхимийн багш Б.Баярбаясгалан “Апатитын хүдрийг бактерийн оролцоотой био-урьдчилан боловсруулж, газрын ховор элементийг уусган баяжуулах боломж” сэдвээр сонирхолтой илтгэл тавилаа.
Шүүгчдийн нэгдсэн үнэлгээгээр дараах илтгэлүүд шилдгээр шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа:
Тэргүүн байр
Програм хангамжийн инженерийн III курсийн оюутан А.Азбаяр
“Smartflow UB: AI-Powered Congestion Reduction System for Ulaanbaatar”
₮400,000
Дэд байр
Механик инженерийн IV курсийн оюутан О.Тэнгисболд
“Бартаат замын 6 дугуйт автомат роботын зохион бүтээлт”
₮300,000
Гутгаар байр
Физикийн боловсрол, багшийн III курсийн оюутан Б.Өсөхбаяр
“Анги танхимын агаар сэлгэлтийн радоны агууламжид үзүүлэх нөлөөлөл”
₮200,000
Гутгаар байр
Програм хангамжийн инженерийн III курсийн оюутан Б.Амарсайхан “Хязгаарлагдмал нөөцтэй системд зориулсан GOAP алгоритмын санах ой болон тооцооллын оновчлол”
₮200,000
Тусгай байр (шүүгчдийн нэрэмжит)
Архитектурын I курсийн оюутнууд Б.Арвин, З.Маралгоо, О.Лхагвасүрэн“Инженерийн мэргэжлийг сонгоход нөлөөлсөн хүчин зүйлсийн судалгаа: ШМТИС-ийн I курсийн
оюутнуудын жишээн дээр”
₮150,000
Мөн эрдэм шинжилгээний хуралд оролцсон нийт судлаач оюутанд батламж гардууллаа.
Хурлын төгсгөлд шүүгчдийн төлөөлөл болон ШМТИС-ийн ректор Д.Гантуул илтгэгчдэд хандан судалгааны ажлын ололт амжилтыг үнэлж, цаашид анхаарах, сайжруулах чиглэлээр үнэт зөвлөгөө өгч, жил ирэх тусам судалгааны ажлын чанар, ач холбогдол нэмэгдэж байгааг онцлон тэмдэглэлээ.
Амжилттай оролцсон нийт оюутан, удирдагч профессор багш нартаа цаашдын судалгааны ажилд нь өндөр амжилт хүсье!