Шинэ Монгол Технологийн дээд сургууль
New Mongol institute of technology

ШМЭХ-н ерөнхийлөгчийн мэндчилгээ



Монгол улс өнөөдөр их бүтээн байгуулалт хийх боломжтой сайхан цаг дор оршиж байна. Гэхдээ бүтээн байгуулалтыг үр өгөөжтэй оновчтой хийж, улс орныхоо хөгжлийн түлхүүр болгож чадах эсэх нь инженерийн шийдлийг хэрхэн хэрэгжүүлснээс шууд хамаарна. Тэр шийдлийг гаргадаг хүмүүс нь  өндөр цалинтай гадаад мэргэжилтнүүд биш, өндөр ур чадвартай Монгол инженерүүд, үндэсний үйлдвэрлэгчид маань байгаасай гэж хүсдэг. Монгол орон байгалийн баялаг ихтэйг дэлхий даяар мэднэ. Монгол залуус оюуны бяд сайтай гэж бид өөрсдөө ярьдаг. Үнэхээр ч гадаадын хөгжингүй оронд сурч, ажиллаж байгаа олон залуус үүнийг батлан харуулж байгаа бол дотоодын их дээд сургуульд сурч байх үедээ монгол залуус оюуны бядаа харуулж, олон улсад өрсөлдөх чадвараа гайхуулж чадна гэсэн итгэл үнэмшил надад бас бий. Үүний тулд бүх шатны сургуулиуд чанартай боловсрол олгож, сургалтын хөтөлбөрүүд нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байх хэрэгтэйг ойлгосон. Ийм ч учраас 2000 онд байгуулагдан Монголдоо брэнд болоод байсан бүрэн дунд сургуулийнхаа туршлага дээр үндэслэн хэдэн нөхдийн хамт бас нэгэн брэнд бүтээхээр зорьж, технологийн дээд сургууль, техникийн коллеж байгуулсан нь 2014 он байв.

Ийнхүү “Дэлхийн боловсролыг Монголдоо эзэмших” уриатай Шинэ Монгол Эрдмийн хүрээлэн байгуулагдаж, бүрэн дунд сургууль, технологийн дээд сургууль, техникийн коллеж маань сургалтын үйл ажиллагаагаа тасралтгүй зохион байгуулж ирлээ. Шинэ Монгол Технологийн Дээд сургуулийн (NMIT – New Mongol Institute of Technology) хувьд 4 дэх үеийн төгсөгчдөө бид саяхан өлгийдөн авсан. Дээд сургууль маань тоог биш чанарыг эрхэмлэн ирснийг төгсөгчдийн маань амжилт илтгэн харуулдаг. Манай төгсөгчдийн 98% нь шууд ажлын байртай болж, олон төгсөгчид дараагийн шатны сургуульдаа амжилттай суралцаж байна. Инженерийн хэт цохивоос хөгжлийн гал бадрах учиртай. Бид байгалийн баялгаа ухаад шууд түүхийгээр нь гаргаад байх уу? Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгоод экспортолдог болох уу? Хятадаас бүх барилгын материалаа худалдан авдаг байх уу? Дотооддоо үйлдвэрлэдэг болох уу? Худалдаачин улс байх уу? Үйлдвэрлэгч улс болох уу? гэсэн олон асуултанд “тийм, үгүй” гэж хариулахын тулд инженерийн боловсролдоо түлхүү анхаарах нь Монгол улсын хөгжлийн алсын хараа болоод байна. Мэдээж бид “Made in Mongolia” гэсэн шошготой, дэлхийн брэнд болсон бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэхийг туйлаас хүсэж байгаа. Энэ бүхний эхлэлийг тавьж байгаа компаниуд, дотоодын үйлдвэрлэгчид сүүлийн үед нэмэгдэж байгаад бид баяртай байгаа. Харин ийм компаниудад ажиллах боловсон хүчин, инженерүүд асар их дутагдалтай байгааг бид харж байгаа тул “Шинэ Монгол Технологийн Дээд сургууль” энэ тал дээр санаачлагатай ажиллаж, олон компанитай хамтран ажиллах гэрээ байгуулаад байна.  ШМТД сургуулийг байгуулахдаа Америкийн MIT (Massachusetts Institute of Technology), Японы TIT (Tokyo Institute of Technology) зэрэг дэлхийн шилдэг их дээд сургуулийн хөтөлбөрийг загвар болгосон, багш нартай нь холбоо тогтоож, тэнд суралцаж байсан Монгол оюутнуудаасаа дэмжлэг авч байсан. Ийм учраас манай хөтөлбөр дэлхийн жишгийн болж, олон төгсөгчид маань дараа шатны магистр, докторын сургалтад амжилттай хамрагдаж байна.  Бидний бахархал бол манай төгсөгчдийн амжилт байдаг. Таныг манай сургуульд элсэж, ирээдүйд шилдэг төгсөгчдийн нэг болж, алдар нэрээ дуурсгасан амжилтын эзэн болоосой гэж хүсч байна. Манай NMIT-д элссэнээр дэлхийн төвшний боловсролыг Монголдоо эзэмшиж, оюутны амьдралаа хөгжилтэй, сонирхолтой өнгөрүүлж, ихийг сурч мэдсэн, үр бүтээлтэй он жилүүд байлгаж чадна гэдэгтээ итгэлтэй байгаарай.

Танд амжилт хүсье.

Шинэ Монгол Технологийн Дээд сургуулийн үүсгэн байгуулагч, Удирдах зөвлөлийн дарга Доктор Ж.Галбадрах