Шинэ Монгол Технологийн дээд сургууль
New Mongol institute of technology

ШМТДС-ийн захирал Ч.Ганзориг iToim-ийн сэтгүүлчтэй ярилцлаа

11.08.2015

Ч.Ганзориг: "Оюутнуудаа дотоодын төлбөрөөр АНУ, Японд сургана"

Лхагважаргал ОДОНЧИМЭГ


“Шинэ Монгол” технологийн дээд сургуулийн захирал Ч.Ганзоригтой ярилцлаа.

“Шинэ Монгол” технологийн дээд сургуулийн элсэлт явж байгаа юу. Танай сургуульд элсэхийг хүссэн хүүхдүүд хэрхэн бүртгүүлэх вэ?

Манай сургууль 8-р сарын 10-31-ний өдрийг хүртэл нэмэлт элсэлтээ авна. Өнөөдөр л гэхэд 3-4 хүүхэд ирж бүртгүүллээ. Үүн дотор “Сант” бүрэн дунд сургууль төгссөн, улсын физикийн олимпиадын хүрэл, олон улсын физикийн олимпиадын шагналт байрт шалгарсан Д.Банзрагч гэдэг хүүхэд манай сургуулийг сонгож бүртгүүллээ. Өөрөөр хэлбэл, сайн сайн хүүхдүүд манайхыг сонгож ирдэг болсон байна. Бид АНУ, Япон зэрэг гаднын улс оронд эзэмшдэг байсан өндөр технологийн инженерүүдийг Монголдоо бэлдэж эхэлсэн нь олон нийтийн зүгээс талархал хүлээж байгаа. Тиймээс манай сургуулийг сонирхсон эцэг эхчүүд бидэн дээр ирж, хүүхдүүдийнхээ ирээдүйн мэргэжлээ зөв сонгоход нь тусалж хэрэгтэй мэдээлэл, зөвлөгөөг авч болно.

Танай сургууль шинэ элсэгчиддээ ямар нэгэн хөнгөлөлт үзүүлж байгаа юу?

Энэ жил улсын их дээд сургуулиудын сургалтын төлбөр нэмэгдсэн. Харин манай сургуулийн төлбөр нэмэгдээгүй, хуучнаараа байгаа. Шинээр элсэгчдээс улс, хот, аймгийн математик, физик, хими, биологи, мэдээлэл зүйн олимпиадаас медальт болон шагналт байрт орсон хүүхдүүдэд 30-100 хувийн хөнгөлөлтийг үзүүлж байгаа. Мөн элссэн оюутнууд Япон улсын Мабучи тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах боломжтой. Энэ талаарх мэдээллийг манай сургууль дээр ирж авч болно. Ер нь манай сургуульд элсч ороод амжилттай суралцаж байгаа хүүхдүүд олон улсын, улсын, байгууллага, хувь хүний тэтгэлэгт хамрагдах боломжтой байдаг. Өнгөрсөн жил манай сургуулийн гурван ч хүүхэд тэтгэлэг авсан. “Шинэ Монгол Мабучи” тэтгэлгийг зөвхөн “Шинэ Монгол” гэлтгүй дотоодын их, дээд сургуульд элсэн орсон нэгдүгээр курсын оюутнуудад 1200 доллар хүртлэх тэтгэлгийг дөрвөн жилийн хугацаанд олгох юм. Өөрөөр хэлбэл, зөвхөн “Шинэ Монгол” технологийн дээд сургуульд элсэн орсон оюутнуудаас гадна бусад их, дээд сургуулиудын оюутнууд хамрагдах боломжтой.

Шинэ Монгол технологийн дээд сургууль Монголд анх удаа био-, нанотехнологийн чиглэлээр инженерүүдийг бэлтгэж байгаа. Энэ жил ямар ямар мэргэжлээр элсэлт авч байна вэ?

Манай сургууль матемитак, байгалийн ухааны үндсэн салбар болох физик, хими, биологи, экологи дээр суурилсан инженерчлэл, инженер дотроо өндөр технологийг гол сууриа болгосон. XXI зууны гол технологи болох биотехнологи, нанотехнологи, мэдээллийн технологит суурилсан инженерчлэлийн бий болгохоор ажиллаж байна. Энэ жил инженерчлэлийн чиглэлийн бакалаврын 8 хөтөлбөрөөр оюутан элсүүлнэ.

Сургуулийн материаллаг бааз, хичээлийн лабораторийн талаар танилцуулахгүй юу?

Манайх материаллаг бааз тал дээр нэлээн бэхжиж байгаа. Хичээлийн 10 давхар эко тохилог байртай, мөн номын сан, хоолны газар, спорт, урлагийн олон заалтай гээд оюутнуудыг тав тухтай сурах бүхий л орчинг бүрдүүлж чадсан. Үүнд ч манай анхны оюутнууд сэтгэл хангалуун байгаа. Үүнээс гадна инженерийн чиглэлийн оюутнуудад суурь сургалтын болон судалгааны лаборатор хэрэгтэй байдаг. Мөн судалгааны төвүүд хэрэгтэй. Энэ бүгдийг эхнээс нь амжилттай байгуулаад явж байна.

Тоног төхөөрөмжийн хувьд судалгааны тоног төхөөрөмжийг хамгийн өндөр түвшинд үйлдвэрлэгч Япон, АНУ, Тайвань зэрэг орны багаж, тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг компаниудаас авсан. Судалгааныхаа тоног төхөөрөмжийг Японоос оруулж ирнэ. Манай сургуульд өнгөрсөн жил элсэн орсон анхны элсэгчид лабораторийн тоног төхөөрөмж дээрээ ажиллаж, эхнээсээ нэлээн дадлагажиж байна. Энэ жил Япон руу гурван багш, зургаан оюутан, Тайвань руу хоёр багш, хоёр оюутнаа нэгээс хоёр сарын хугацаатай дадлага хийлгэсэн.

Танай сургууль оюутнуудаа хоёр жил Монголдоо сургаад хоёр жил нь Японд сургах хөтөлбөртэй. Энэ талаараа дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

Тиймээ, манай сургуульд 2+2 хөтөлбөр бий. Оюутнууд гадаадын их дээд сургуульд сурч, улс үндэсний хэл соёлтой танилцах хүсэлтэй байдаг. Энэ утгаараа манай сургууль магиструудаа 1+1 буюу нэг жил нь Монголдоо нэг жил нь гадаадад, бакалавр оюутнууд 2+2 эсвэл 3+1 буюу хоёр жил нь гадаадад хоёр жил нь Монголдоо сурдаг хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлж эхлээд байна.

Гадаадад сурах жилүүдийн сургалтын төлбөр өөрчлөгдөх үү?

Өөрчлөгдөхгүй, Монголд төлж байсан төлбөрөөрөө л гадаадын их дээд сургуульд сурна.

“Шинэ Монгол” сургуулийн сурагч, оюутнуудаас бүрддэг “Шинэ Монгол Шонхор” клубийнхэн нисэх загварын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо. Хэдэн төрлөөс хэдэн медаль хүртсэн бэ?

Дэлхийн агаарын спортын холбооноос 2015 онд Монгол улсад зохион байгуулах эрхийг 2013 онд олгосон. Энэ хүрээнд 7-р сарын 21-нээс наймдугаар сарын 3-ны хооронд Монгол улсад нисэх загварын спортын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өнгөрсөн. Энэ бол тэр чигээрээ инженерчлэлийн спортын тэмцээн. Энэ тэмцээнд “Шинэ Монгол” сургуулийн “Шонхор” клубын баг бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон. Идэрчүүдийн ангилалд дэлхийн хоёр цомын тэмцээнээс авах ёстой есөн медалиас манай хүүхдүүд тавыг нь авсан. “Шинэ Монгол” технолгийн дээд сургуулийн хоёр оюутан мөнгө, хүрэл медалийг хүртсэн. Энэ тэмцээнд дэлхийн 36 орноос баг тамирчид ирж оролцсон. 36 орноос ирсэн ихэнхдээ инженер мэргэжилтэй тамирчидтай ярилцаж, тэднээс маш олон зүйлийг манай оюутнууд суралцсан.


Мөн 2001, 2007 оны дэлхийн аварга Шведийн тамирчнаар сургалт-семинар хийлгэсэн. Тэд ч манай оюутнуудыг ийм багаасаа нэг баг болоод өндөр тэмүүлэлтэй байгаад сайшааж, ихээхэн сэтгэлийн дэмийг өгч байсан. Манай сургуульд орсон оюутнууд мэргэжлийн хичээлээс гадна зохион бүтээх, техник сэтгэлгээгээ хөгжүүлэх боломж бий. “Шинэ Монгол Шонхор” клубын үүд хаалга нээлттэй байгаа. Нисэх загварын спортоор дамжина гэдэг цаашдаа авто, усан загвар нээлттэй байдаг. Механик инженер, цахилгааны инженерийн ангийн хүүхдүүд энэ спорт руу түлхүү оролцдог.

Би дэлхийн хоёр цомын аварга шалгаруулах тэмцээнд тав, есдүгээр байранд орсон. Харин Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд шигшээ багийн тамирчнаар бус дасгалжуулагчаар оролцсон. 2012, 2014 оны Ази номхон далайн орнуудын хошоо аварга болж байсан. 2017 оны дэлхийн аваргад оролцох төлөвлөгөөтэй байгаа. Ирэх жил Румень улсад дэлхийн идэрчүүдийн аварга шалгаруулах нисэх загварын тэмцээн болно. Энэ тэмцээнд “Шинэ Монгол” сургуулийн “Шонхор” клубын баг тамирчдаас оролцоно. Манай оюутнууд зохион бүтээх талдаа ч, нисэх загварын талд ч нэлээн өсч яваа. Энэ чиглэлийг сонирхож байгаа хүүхэд залуучууд манай сургуульд элсэж, клубын маань үүд хаалга нээлттэй байгаа шүү гэдгийг хэлье.