Шинэ Монгол Технологийн дээд сургууль
New Mongol institute of technology

ШИНЭ МОНГОЛ ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ АНД ГЛОБАЛ КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

24.08.2021

Шинэ Монгол Технологийн Дээд Сургууль, Анд Глобал ХХК-ийн хооронд дээд боловсролын академик мэдлэгийг практик ур чадвартай хослуулан Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтэн бэлтгэх, Олон улсын жишигт нийцсэн судалгаа, төслийг хамтран хэрэгжүүлэх үндсэн зорилгын хүрээнд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо.


Санамж бичгийг Шинэ Монгол Технологийн Дээд Сургуулийн Үүсгэн байгуулагч, Шинэ Монгол Эрдмийн Хүрээлэнгийн Ерөнхийлөгч Ж.Галбадрах болон Анд Глобал компанийн Гүйцэтгэх захирал Б.Хос-Эрдэнэ нар үзэглэв.Анд Глобал компани нь Монгол хүний оюуны чадавх, бүтээмжийг дэлхийд таниулах үндсэн зорилгоо технологийг түгээх замаар Олон Улсад хүлээн зөвшөөрүүлэхээр 5 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж буй томоохон технологийн компани юм. 2020 оноос эхлэн олон улсын томоохон корпорациудтай стратегийн түншлэлийг бий болгон Монголдоо төдийгүй Филипин, Малайз, Индонез, Япон, Австрали зэрэг улсад технологийг түгээх чиглэлээр түлхүү ажиллаж байна. 


Шинэ Монгол Технологийн Дээд Сургууль нь “Үнэн мэдлэг, Бүтээлч оюун” уриатайгаар дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх чадварлаг инженерүүдийг бэлтгэн гаргах зорилготойгоор 8 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд энэ хичээлийн жилээс бид зөвхөн Програм хангамжийн инженер мэргэжлээр элсэлт авч байна. Хамтын ажиллагааны санамж бичгийн үндсэн зорилго нь Олон улсад хүлээн зөвшөөрөгдөх чадварлаг инженерүүдийг бэлтгэх бөгөөд талууд дараах 3 чиглэлийг баримтална. Үүнд:1. Сургалтын хөтөлбөр, багшлах боловсон хүчин, практик дадлага гэсэн чиглэлээр академик сургалтын баазыг хамтран бий болгох2. Чадварлаг хүний нөөцийг хамтран бэлтгэх3. Олон улсад хүлээн зөвшөөрөгдөхүйц хамтарсан судалгаа, шинжилгээний төслүүдийг хэрэгжүүлэхЭнэхүү хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх эхний ажил бол мэдээллийн технологийн чиглэлээр магистр болон бакалаврын хөтөлбөрүүдийг технологийн салбарын чиг хандлага, эрэлт хэрэгцээнд суурилсан байдлаар шинэчилж, Анд Глобал компанийн докторын зэрэгтэй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн тэргүүлэх инженерүүдээр мэргэжлийн зарим хичээлүүдийг заалгаж, практик дадлага, судалгааны төслүүдийг хамтран хэрэгжүүлнэ.Ёслолын ажиллагааны үеэр талууд Мэдээллийн технологийн салбарт шинээр ажилд орж буй төгсөгчдөд шаардагдаж буй ур чадвар болон Анд Глобал компанид ШМТДСургуулийн Програм хангамжийн инженер мэргэжлээр төгсөгчдийн дадлага хийсэн туршлагын талаар ярилцаж, санал солилцсон бөгөөд тус үйл ажиллагаанд хоёр байгууллагын төлөөлөл болох удирдлагын багийн 12 хүний бүрэлдэхүүн оролцлоо.#Lendmn #АНДглобал, #АНДсистемз, #МЛаб #ЛендМН #IT #programmist #NMIT #Newmongol #шинэмонгол #шинэ_монгол_технологийн_дээд_сургууль