Шинэ Монгол Технологийн дээд сургууль
New Mongol institute of technology

ШИНЭ МОНГОЛ ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛИЙН МАГИСТРЫН ХӨТӨЛБӨРИЙН ТӨГСӨГЧИЙН АМЖИЛТ

07.10.2022

      Шинэ Монгол Технологийн дээд сургуулийн 2017 оны магистрын хөтөлбөрийн төгсөгч Т.Ганбаатар нь Нано технологи, химийн инженерчлэлийн магистрын зэрэг хамгаалсан бөгөөд 2020 онд Кюүшюгийн их сургуульд шинэ төрлийн перовскайт нарны зайн чиглэлээр докторын зэргээ хамгаалж, одоогоор докторын дараах судлаачаар Кембрижийн их сургуульд компьютер томографт зориулсан өндөр түвшний Рентгэн технологийг бүтээх судалгааг амжилттай хийж байна.

     Судлаачийн замналаа дөнгөж эхлүүлээд байгаа залуу эрдэмтэн маань одоогийн байдлаар 20 орчим эрдэм шинжилгээний бүтээл бичиж туурвин олон улсын нэр хүндтэй сэтгүүлд хэвлүүлээд байгаагаас материал судлал, химийн чиглэлийн дэлхийн топ-5 сэтгүүлийн нэг болох Advanced Materials-т хэвлүүлсэн бүтээл нь 150 удаа ишлэгдээд байна. Мөн дэлхийн алдарт Nature сэтгүүлийн дэд сэтгүүл болох Communications Materials-т хэвлүүлсэн өгүүлэл нь 13,000 удаа татагдсан амжилтаар тухайн сэтгүүлийн нэг жилийн хугацаан дахь хамгийн олон хандалт авсан бүтээлээр шалгарсан байна.

     Төгсөгч Ганбаатартай хийсэн уулзалтаар Шинэ Монгол эрдмийн хүрээлэнгийн Ерөнхийлөгч Ж. Галбадрах, Шинэ Монгол технологийн дээд сургуулийн Гүйцэтгэх захирал Д. Гантуул, Нано, химийн инженерчлэлийн тэнхимийн эрхлэгч Д. Баттөгс нар төгсөгчийн одоогийн хийж буй судалгаа, ирээдүйн зорилго болон сургуультай хэрхэн хамтарч ажиллах талаар хэлэлцлээ. Түүнчлэн Ганбаатар магистрын зэрэгт горилж буй төгсөх курсийн оюутнуудыг цаашид дэмжин, илтгэл яриа хийх хүсэлтэй байгаа талаараа илэрхийллээ. Сургуулийн зүгээс төгсөгчдөө цаашдын эрдэм шинжилгээ, судалгааны ажлуудад нь амжилтын дээдийг хүсэн ерөөе.