Шинэ Монгол Технологийн дээд сургууль
New Mongol institute of technology

Хичээлд бүртгүүлэх

Хичээлд бүртгүүлэх


Бакалаврын хөтөлбөрийн оюутан улиралд дунжаар 17-18 багц цагийн хичээл судлах нь зохимжтой бөгөөд судалбал зохих багц цагийн дээд хэмжээ 24, доод хэмжээ 12 байна. Оюутан улиралд 12-оос бага эсвэл 24-өөс их багц цагийн хичээл судлахыг хүсвэл, тухайн оюутны суралцаж буй хөтөлбөр харъяалагдаж буй тэнхмийн саналыг үндэслэн сургалтын албаны дарга зөвшөөрөл олгоно.

Магистрын хөтөлбөрийн оюутны хувьд улиралд дунджаар 10 багц цагийн хичээл судлах нь зохимжтой бөгөөд судалбал зохих багц цагийн дээд хэмжээ 15 байна.

Оюутан хичээл сонгох боломжтой байх, тухайн улиралд судлах хичээлд заавал бүртгүүлнэ.

Улирлын хичээлийн өмнөх долоо хоногт оюутан хичээлийн ерөнхий хуваарийг үндэслэн хичээлд бүртгүүлэх ба хэрэв тухайн хичээлийг судлах оюутны тоонд багтахгүй бол хүлээлгийн жагсаалтанд нэрээ бүртгүүлж болно.

Тухайн хичээлийн хүлээлгийн жагсаалтанд буй оюутны тоо цөөн бол, бүртгүүлсэн оюутан хичээлээ цуцалсан тохиолдолд л бүртгэгдэх боломжтой. Оюутны тоо олон үед сургалтын алба нь тухайн хичээл харъяалагдаж буй тэнхимтэй зөвшилцөж, боломжтой бол тус хичээлийг судлах оюутны бүлэг үүсгэж болно.

Оюутан хичээлд бүртгүүлэхийн өмнө тухайн хичээлийн урьдчилсан шаардлагыг тухайн хичээлийн мэдээллээс үзэж танилцсан байх хэрэгтэй. Энд зэрэгцүүлэн үзэх боломжтой хичээлийг ч мөн анхаарах нь зүйтэй.

Оюутны бүртгүүлсэн хичээлийг зөвлөх багш болон сургалтын алба хянана. Бүртгүүлсэн хичээлийн багц цагийн төлбөрийг төлснөөр хичээлийн бүртгэл баталгаажина. Бүртгэлийн хугацаанд оюутан бүртгүүлсэн хичээлээ цуцлахыг зөвшөөрнө.

Бүртгэлийн хугацаанд хичээлд бүртгүүлээгүй оюутан нэмэлт хураамж төлж, улирлын эхний долоо хоногт багтаж хичээлд бүртгүүлнэ. Улирлын эхний долоо хоногийг дуустал хугацаанд хичээлд бүртгүүлээгүй оюутныг эцэг, эх, санхүүжүүлэгч талд мэдэгдэнэ.

Бүртгэлийн хугацаанаас хэтэрсэн тохиолдолд оюутны хичээлд бүртгүүлэх, эсвэл оюутны төлөв өөрчлөх хүсэлтийг сургалтын алба хүлээн авч, зөвлөх багш, тухайн хичээлийг хариуцсан тэнхим/профессорын багтай зөвшилцөн шийдвэрлэнэ.

Сургалтын алба тухайн улирлын эхний 7 хоногт оюутнуудын хичээлд бүртгүүлэхтэй холбогдон үүссэн аливаа асуудлыг шийдэж, тухайн улиралд мөрдөгдөх хичээлийн хуваарьт өөрчлөлт оруулж болно.

Зуны улирлын хичээлийн бүртгэл үндсэн улирлын хичээлийн бүртгэлтэй адил зарчмаар явагдана.

Бүртгүүлсэн хичээлээ цуцалж болох ба оюутны хичээлийг цуцлуулах тухай хүсэлтийг сургалтын алба хүлээн авч, шийдвэрлэнэ.

Улирлын хичээл эхэлснээс хойш, улирлын хичээллэх хугацааны 30 хувь өнгөрөөгүй байхад буюу тав дугаар долоо хоногийн 2 дох өдрөөс өмнө оюутан хүсэлт гаргаж, хичээл цуцалсан тохиолдолд тухайн хичээлийн багц цагийн төлбөрийн 70 хувийг буцаах буюу дараагийн улирлын хичээлийн багц цагийн төлбөрт шилжүүлнэ. Дээрх хугацаанаас хойш хичээл цуцлах хүсэлт гаргасан тохиолдолд багц цагийн төлбөрийг буцааж олгохгүй, мөн дараагийн улиралд шилжүүлэн тооцохгүй. Аль ч тохиолдолд улирлын суурь хураамжийг буцаан олгохгүй.

Хичээлээс чөлөө авах, сургуулиас чөлөөлөгдөх тохиолдолд хүсэлт гаргасан хугацаанаас хамааран сургалтын төлбөрийн асуудлыг 5.16.11 дүгээр заалтаар шийдвэрлэнэ. Албан ёсны хүсэлт гаргахгүйгээр хичээлд суугаагүй байх нь сургалтын төлбөр төлөхгүй байх үндэслэл болохгүй.

Оюутны хичээл цуцлах хүсэлтийг улирлын 12 дугаар долоо хоногийн эхний өдрөөс эхлэн хүлээж авахгүй.

Улирлын хичээл цуцлалтыг зогсоох хүртэлх хугацаанд цуцалсан хичээлийнх нь тухайд сургалтын албаны зүгээс W тавина.

Оюутан судалж буй хичээлийн ээлжит хичээлээс хүндэтгэх шалтгаанаар чөлөө авахыг хүсвэл тус хичээлийг зааж буй багшид хандаж, зөвшөөрөл авна. Харин дараалан орж буй 2-оос дээш хичээлээс чөлөө авах бол хүсэлтийг сургалтын албанд гаргах ба сургалтын алба нь чөлөө авах шалтгааныг харгалзан үзэж, хичээл зааж буй багш нартай зөвшилцөн шийдвэрлэнэ.