Шинэ Монгол Технологийн дээд сургууль
New Mongol institute of technology

Т.АКЖАРКЫН: Шинэ Монгол технологийн дээд сургууль маань дэлхийн хэмжээнд өрсөлдөх, олон улсын компаниудад ажиллах боломжийг бүрдүүлдэг газар

18.06.2021

ПРОГРАМ ХАНГАМЖИЙН ИНЖЕНЕРИЙН ХОЁРДУГААР ҮЕИЙН ТӨГСӨГЧ

1. Саяхан л сургуулиа төгсөж байсан ч хэдийн хоёр жил өнгөрчээ. Төгсөгчдийн уулзалтаар төрөлх сургуульдаа эргээд ирэхэд ямар сэтгэгдэл төрж байна?

- Мэдээж сэтгэгдэл маш өндөр байна. Намайг төгссөнөөс хойш маш их зүйл нэмэгдэж, өөрчлөгдсөн байна. Шинэ лаборатори, номын сан, аравдугаар давхар маань бүүр гоё болчихсон байна.

2. Одоо хаана, ямар ажил эрхэлж буйгаа танилцуулахгүй юу?

- Одоо “SteppeLink” гээд компанид ахлах хөгжүүлэгч, AI team lead гэсэн албан тушаалтай. Одоохондоо өөрийгөө “ахлах” гээд үзэж л байна.

3. Ажлын байр дээр бакалавртаа суралцаж, эзэмшсэн мэдлэгээ хэрэглэхэд бэрхшээл байсан уу?

- Манай салбарын хөгжил маш хурдацтай явж байгаа. Үүнийгээ дагаад бид ч гэсэн хурдтай суралцахгүй бол хоцрох гээд байна. Суралцах хугацаандаа суурь ойлголтуудаа маш сайн ойлгож авсан тул орчин цагтай хөл нийлүүлж явахад их тус болж байгаа.

4. Шинэ Монгол Технологийн дээд сургуулийг сонгосон тань хэр зөв шийдвэр байсан бэ?

-Намайг ороход манай сургууль байгуулагдаад дөнгөж хоёр жил болж байсан юм. Мэдээж ямар ч юмыг шинээр эхлүүлэхэд тодорхой хэмжээний алдаа дутагдал бий. Тухайн үедээ МУИС эсвэл ШУТИС-д ордог ч байж уу гэсэн бодол төрж байснаа нуух юун. Гэхдээ миний хувьд энэ сургуульд ороод зөвхөн програм хангамж ч биш бусад салбарын олон шилдэг хүмүүстэй хамт суралцаж, танилцаж, тэднээс суралцсан шүү. Тиймдээ ч гаргасан шийдвэртээ харамсдаггүй.

5. Манай төгсөгчдийн өмнө ямар ямар боломжууд нээгддэг вэ? ШМТДС-д элсэн орж байгаа дүү нарт тань хэрэгтэй байх.

- ШМТДС-д элсэн орох дүү нартаа зөвлөхөд манай сургуульд орж ирснээр дэлхийн хэмжээнд өрсөлдөх, олон улсын компаниудад ажиллах боломжийг бүрдүүлнэ. Мөн өөрсдөө хичээвэл сургуулийн нэрэмжит тэтгэлэгт хамрагдах бүрэн боломжтой.

6. Цаашдаа хийж бүтээхээр төлөвлөж буй ажлынхаа талаар сонирхуулбал?

- Ойрын төлөвлөгөө бол аль болох л боломжоороо өөрийгөө хөгжүүлэх. Одоогийн байдлаар ажиллаж буй компанидаа бүхнээ зориулья гэсэн төлөвлөгөөтэй байгаа.

Баярлалаа танд, ажлын амжилт хүсье.