Шинэ Монгол Технологийн дээд сургууль
New Mongol institute of technology

Төгсөгчдийн санаачилсан урам тэтгэлэг

Төгсөгчдийн санаачилсан Урам тэтгэлэг


 “УРАМ” тэтгэлэг нь “Шинэ Монгол” сургуулийг төгссөн, одоо Японд сурч байгаа 17 оюутны санаачилсан тэтгэлэгт хөтөлбөр юм. Анхны тэтгэлгээ 2007.09.01-нд тус сургуулийн ахлах ангийн 3 сурагчид гардуулснаар сангийн үйл ажиллагаа эхэлсэн.

Сурагч маань тэтгэлгийг авснаараа бас нэгэн том итгэлийг ах эгч нараасаа гардан авч байгаа юм. Энэ ч утгаараа сэмпай/төгсөгч/ нартайгаа холбоотой байж, санаа бодлоо хуваалцан зөвлөлдөж байх юм.

Үүний тулд:

  1. Шалгалтын дүн болон өөртөө хийсэн дүгнэлтийг улирал бүр сангийн и-мэйл хаяг руу явуулах.
  2. Тэтгэлэг гардан авсны дараа “Миний Мэргэжил- Цаашдын зорилго” гэсэн сэдвээр эссэ бичиж өгөх.
  3. Хичээлдээ шамдан суралцах

    Цаашдаа гадаадад суралцаж буй “Шинэ Монгол” ахлах сургуулийн бүх төгсөгчдийг хамруулаад зогсохгүй “Урам” тэтгэлгийн дор Монголоо гэсэн чин эрмэлзлэлтэй залуучуудыг олноор бий болгоход тус сангийн үйл ажиллагаа чиглэгдэнэ. 

     I.    Сурлагын амжилт гаргасан сурагч төрөлд:

a)    10-1-р ангийн сурагч Б.Мөнхцэцэг нь 7-р ангиасаа ШМБДС-д элсэн суралцсан 14 улирал дараалан анги болон сургуульдаа 1-р байранд жагсаж байлаа. Физик, математик, химийн олимпиадад амжилттай сайн оролцдог. 2009 онд БЗД-ийн математикийн олимпиадыг алт, химийн олимпиадын хүрэл, хотын химийн олимпиадын хүрэл, 33-р болон 6-р сургуулийн нэрэмжит химийн олимпиадын хошой хүрэл медальт. 2010 онд 1-р сургуулийн нэрэмжит, “Их сорилго” физикийн олимпиадын мөнгөн медаль, математикийн олимпиадын хүрэл медаль хүртсэн, тэргүүний сурагч. 
b)    10-2-р ангийн сурагч П.Хулан, 7-р ангиасаа ШМБДС-д элсэн суралцсан. 14 улирал дараалан сурлагаар эхний 1-4-р байрт жагсаж, Химийн хичээлээр дүүрэг, хот, нэрэмжит олимпиадуудад тогтмол сайн оролцож мөнгө, хүрэл медаль удаа дараа хүртсэн. Хотын монгол хэлний олимпиадын алтан медальт сурагч.
c)    11-2-р ангийн сурагч С.Хандмаа нь улирал дараалан “А” үнэлгээтэй суралцаж, ангидаа 1-р байрт, сургуульд 1-2-р байрыг тогтмол эзэлдэг. 2009-2010 оны 1 болон 2-р улиралд анги болон сургуульдаа 1-р байрт жагссан. Спорт наадмын гар бөмбөгийн төрөлд 3-р байр, бадминтоны UB open -2009 тэмцээний эмэгтэй багийн төрөлд 3-р байр эзэлсэн тэргүүний сурагч. 
d)    11-3-р ангийн сурагч Б.Энхжаргал 16 улирал дараалан амжилттай сайн суралцаж ангид 1-р байр, сургуульд 1-2-р байр эзэлсэн бөгөөд хими, биологийн олимпиадад амжилттай оролцож медальт байрт шалгарч байсан. Мөн морин хуурийн дугуйлан, сурагчдын сайн дурын эко клубт хамрагдан амжилттай суралцаж байгаа сурагчдын нэг. 
e)    12-1-р ангийн сурагч С.Одбаяр “Шинэ Монгол” сургуульд орсон цагаасаа эхлэн амжилтаа тогтмол ахиулан суралцаж ирсэн. 2009-2010 оны хичээлийн жилд ангид 1, сургуульд 1-2-р байрт тогтмол жагсаж, дүнгийн дундаж оноог 81,5 В-ээс 93,1 А болгож, ахиулсан. Сургуулийн хөл бөмбөгийн шигшээ багт тоглодог. Япон хэлний баярын ханзны төрөлд 1-р байр, Англи хэлний баярын Асуулт хариултын тэмцээнд 1-р байр тус тус эзэлсэн. Англи хэлний олимпиадад амжилттай оролцдог сурагч. 
f)    12-2-р ангийн сурагч Г.Саруул нь сурлагаар тэргүүний сурагч. Улирал дараалан ангидаа 1-р байрт орж, сургуульд 1-2-р байрт жагсдаг. Олимпиад, уралдаан тэмцээнд амжилттай оролцдог. БЗД-ийн биологийн олимпиадын хүрэл медальт сурагч. 


II.    Нийгмийн идэвхи сайтай сурагч төрөлд:

a)    11-1-р ангийн сурагч Б.Сайнбуян нь сургууль болон анги хамт олноос зохион байгуулж буй олон нийтийн арга хэмжээнд тогтмол амжилттай оролцож, нөхдөө тэргүүлэн өөрийгөө нээж хөгжүүлэхэд идэвхи чармайлт гарган суралцаж байгаа сурагч. Тухайлбал: сургуулийн ойн баярын илтгэлийн тэмцээнд 1-р байр, Урлагийн наадмын гоцлол дууны төрөлд 2-р байр, “Бид эх орноороо бахархдаг” дууны тэмцээн, “Миний мэдэх Ардчилал” эссэ бичлэгийн уралдаанд амжилттай оролцсон тэргүүний сурагч юм. 
b)    11-2-р ангийн сурагч Т.Оюунбилэг Шинэ Монгол сургуулийн 8-р ангиас эхлэн амжилттай суралцаж ирсэн. Мөн үндэсний хөгжмийн дугуйланд 4 жил дараалан амжилттай сайн суралцаж анги хамт олон, сургууль олон нийтийн ажилд идэвхитэй оролцож ирсэн. Шанз, ятга гоцлон тоглодог. Түүнчлэн физикийн олимпиадуудад идэвхитэй оролцдог. 
c)    11-3-р ангийн сурагч Тогтохбаярын Бадамжав нь 2009 оны хичээлийн жилээс ШМАС-д элсэн суралцаж урлагийн наадмын гоцлол бүжгийн төрөлд 1-р байр эзэлсэн. Мөн сургуулийн 8, 9-н жилийн ойн арга хэмжээний концертэнд гоцлол бүжиг, латин америк бүжгийг гайхамшигийг мэдрүүлсэн. Түүнчлэн 2009 онд Латин Атерик бүжгийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль, хотын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль тус тус хүртсэн. Урлагийн наадамд анги хамт олноо амжилттай зохион байгуулж хамтлаг бүжгийг өөрөө дэглэн 1-р байр эзэлсэн. Мөн багш нарын баярын концерт болон сургуулийн 10 жилийн ойн концертэд гоцлол бүжигчинээр оролцож байгаа авьяаслаг сурагч юм. 
d)    11-4-р ангийн сурагч Д.Халиун нь Япон улсын Канагава мужийн Урчуудын нийгэмлэг болон МУ-ын боловсролын ИС-аас хамтран зохион байгуулсан “Ken Ten Junior” гар зургийн уралдаанд тусгай байрын шагнал хүртсэн. Сургуулийн 9 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан гар зургийн уралдаанд 1-р байр эзэлсэн. Мөн хичээлээс гадуур зохион байгуулагдаж буй урлаг соёлын арга хэмжээнд амжилттай оролцож, гоцлол бүжгийн төрөлд 3-р байр эзэлсэн тэргүүний сурагч.


III.    Олимпиад, уралдаан тэмцээнд амжилттай оролцсон сурагч төрөлд:

a)    11-4-р ангийн сурагч М.Энхбат 2008 онд Шинэ Монголд элсэн орсон цагаас анги хамт олон, сургуулиас зохион байгуулж буй уралдаан, тэмцээн олимпиадуудад амжилттай сайн оролцож ирсэн. 
2008-2009 оны хичээлийн жилд: 
•    МУИС-ийн нэрэмжит химийн бага олимпиадад 2-р байр 
•    МЭХС-ийн нэрэмжит химийн олимпиадад Алтан медаль 
•    33-р сургуулийн химийн олимпиадад Мөнгөн медаль
•    Кондор төвийн нэрэмжит химийн олимпиадад Хүрэл медаль 
•    БЗД-ийн химийн олимпиадад Хүрэл медаль 
•    Хотын химийн олимпиадад Хүрэл медаль 
•    Улсын химийн олимпиадад 6-р байр 
•    52-р сургуулийн химийн олимпиадад Хүрэл медаль 
           2009-2010 оны хичээлийн жилд 
•    33-р сургуулийн нэрэмжит химийн олимпиадад Алтан медаль 
•    Дүүргийн химийн олимпиадад Алтан медаль тус тус хүртсэн. 
b)    11-3-р ангийн сурагч Д.Ононбаяр нь 2009-2010 оны хичээлийн жилд “Волейболын улсын аварга” шалгаруулах тэмцээнээс Алтан медаль, сургуулийн спорт наадмын ширээний теннис, волейболын төрөлд тус тус Тэргүүн байр эзэлж Цом хүртсэн. Сурлагын амжилтаа тогтмол ахиулж байгаа. Сургуулийн спортын шигшээ багийн ахлагчаар ажилладаг тэргүүний сурагч. 
c)    10-1-р ангийн сурагч Х.Тамир нь Шинэ Монгол сургуульд элсэх хаврын шалгалтанд 1-р байр эзэлж, элсэн орсон. Хан –Уул сургалтын төв болон Монголын үндэсний олон нийтийн телевизээс зохион байгуулдаг IQ-ийн тэмцээнд 2-р байрт орсон. Математикийн нэрэмжит олимпиадад алт, хошой мөнгө, хүрэл медальтай. 
Физикийн Их сорилго-т мөнгөн медаль, БЗД-ийн математикийн олимпиадын хүрэл медаль хүртсэн тэргүүний сурагч. 
d)    12-1-р ангийн сурагч М.Буяннэмэх нь сурлагаараа тогтмол амжилттай суралцаж, ангидаа 2-рт, сургуульдаа 3-4-р байрт жагсдаг. Математикийн нэрэмжит, дүүрэг, хотын олимпиадуудад амжилттай сайн оролцдог. 2008-2009 онд математикийн хотын олимпиадад хүрэл медаль, ХААИС-ийн ИС-д дээр зохиогдсон ЕШ-ийн туршилт тестийн тэмцээнд 2-р байр, физикийн дүүргийн олимпиадын тусгай байр, 2009-2010 оны хичээлийн жилд дүүргийн математикийн олимпиадад Алтан медаль хүртсэн. 

Энэ удаагийн Багш нарын хурлаар эдгээр 14 сурагчийг “УРАМ” тэтгэлэг авах сурагчаар тодрууллаа. Өргөдөл, анкет, эссэг хавсралтаар оруулах болно. 

Урас тэтгэлгийг авсан сурагчдын сэтгэгдэл


Миний хүсэл мөрөөдөл

сурагч : Х

Мөрөөдөл олон янз. Хэн нэгний хувьд гайхамшигтай мөрөөдөл нь өөр бусдад энгийн ч санагдаж болох. Магалгүй мөрөөдөл гэдэг зүйл байхгүй байсансан бол энэ амьдрал цасанд дарагдаж хөлдсөн үржил шимгүй тал газар шиг байх байсан ч юм билүү. Хором бүр мөрөөдлийнхөө төлөө тэмцэж, саад тотгорт сөхрөлгүй үргэлж урагш тэмүүлж байдаг хүмүүс үнэхээр гайхалтай.

Би тэдэн шиг байхыг л хүсдэг. Мундаг дипломатч болчихоод яг одоо эзнээ олж чадахгүй, буруу газар хэрэгжиж байгаа, гадаадын хөрөнгө оруулалттай томоохон төслүүдийг өөрийн биеэр хийж гүйцэтгэх мөн ээждээ зориулж бяцхан ресторан байгуулж өгөх явдал бол одоогоор надад байгаа хамгийн томоохон мөрөөдлүүд юм. Мөрөөдөл минь миний зорилго. Яг одоогийн байдлаар би мөрөөдлөө биелүүлэх, зорилгодоо хүрэхдээ ашиглах шатаа олчихсон гэж бодож байгаа. Энэ шат бол Шинэ-Монгол ахлах сургууль. Тэр шатаар дээшээ өгсөх үү аль эсвэл нэг газраа л байгаад байх уу гэдэг зөвхөн надаас шалтгаална. Гэхдээ яг одоо би энэ шатаар дээшээ гүйгээд гарах урам зориг, эрч хүчээр дүүрэн байна. Өдөр бүр миний төлөө,  сайн сургуульд суралцуулахын төлөө цаг наргүй ажиллаж, мөнгө цуглуулж байгаа ээжийгээ хараад, хэдий жаахан ч эгчдээ илүү их хичээл давтах цаг гараасай гэсэндээ гэрийн ажлаа чадах чинээгээрээ хийчихсэн байдаг дүүгээ хараад  өөрийнхөө мөрөөдлийн ямар их үнэ цэнэтэйг мэдэрдэг. Тиймээс өдөр бүр эрч хүчээр цэнэглэгдэж алхам алхамаар урагшлахыг хичээдэг. Удахгүй би энэ мөрөөдлөө биелүүлэхээр цаана нь бүр том мөрөөдөл намайг хүлээж байгаа учраас зорилгодоо заавал хүрэх болноо!!!

 Миний хүсэл мөрөөдөл

сурагч : О

Би өглөө сэрээд цэлмэг тэнгэрийг харж биеийнхээ хамаг хүч чадлаа гэр бүлийнхээ хайн халамжаар сэлгээд, ажилдаа эрч хүчтэй явах дуртай. Ажил дээрээ очиход инээсэн, уйлсан, баярласан, гунигласан хүмүүсийн уарай харагдах авч баяр баяслаар дүүрэн байгаа нь олон мэт санагдана. Өрөөндөө ороод ямар их ажил намайг тэсэн ядан хүлээж байгаа бол гэж бодохоос ядрах ч шиг, баярлах ч шиг болно. Туслах орж ирээд өнөөдөр хийх ажлыг минь хэлэхэд тэр ажлынхаа эрсдэлтэй болоод амжилттай болох бүхнийг тооцоод ажилдаа ханцуй шамлан орно.

Би бол эмч хүн. Минй гарт олон хүний амь дэнжигнэн байгааг өвчтнүүдийн маань царай илтгэх мэт. Тэдний нүд нь зөвхөн надад л итгэж байгаа мэт харагдана. Гэсэн хэдий ч айж тэвдэлгүйгээр хурдацтай хандах нь чухал. Тэдэндээ сэтгэлийн дэм өгч, хурдан эдгэхэд нь бүх чадлаараа туслахыг хичээнэ. Энэ ажил л намайг сэтгэл хангалуун байлгаж чаддаг. Олон бэрхшээлийг давж ирсэн ч дахиад л давсаар л байна. Эцэг эхийгээ эсвэл үр хүүхэд гэр бүлийнхнийгээ эрүүл саруул дэргэд минь амьдарч байхыг харах хэчнээн сайхныг өвчтөнүүд маань мэдрээсэй гэдэг хүсэл цээжин дотор багтаж ядна. Ажлжж үнэн сэтгэлээсээ дурлаж хийдэг болохоор өдөр ч хурдан өнгөрч нэг л мэдэхнээ гэрийн зүг алхаж явна. Гэртээ с ирээд л сая ядарснаа мэдсэн ч айл гэрийн эзэгтэйн хувьд сэтгэлээ шингээж гараа гаргаж бэлдсэн хоолыг минь амтархан идээд сэтгэл нь ханах, ачийг нь хэзээ ч хариулж үл барам ах эгч нартаа эрүүл саруул байгаасай гэж хүснэ.

Хэдий их жаргалтай ч энэ зүүд миний хувьд хүсэл мөрөөдөл минь юмдаа. Шинэ-Монголдоо сурсан мэдлэг болоод цаашид сурах эрдэмээ хүмүүсийг гайт өвчин зовлонгоос салахад зориулна. Хүн бүрийг эрүүл энх байлгахын төлөө би бүхнийг хийж, сурч боловсрохоо амлаж байна.

2007 оны 8 дүгээр сарын 21

 

Миний хүсэл мөрөөдөл

 сурагч : М

Хүний хүсэлд хязгаар үгүй. Та, би, бид бүгд л адил сэтгэлдээ хадгалж явдаг сайхан мөрөөдөлтэй. Миний хувьд өөрийн хүсэл мөрөөдлийг илэрхийлхийн тулд эхлээд хүсэл мөрөөдөл гэгч чухам юу болох тухай бодлоо, хэлэхийг зорилоо.

 Мөрөөдөл олон янз. Сайн муу жирийн гэх мэт. Гэхдээ тэр олон хүслийн дотроос чамайг залж чиглүүлж, гуних үед тайтгаруулсан, шантрах үед чинь өргөөд босгодог, зүйрлэшгүй хүчтэй сэтгэлийн хүч ганцхан. Харин бусад нь тэр чин хүслийн нэгээхэн хэсэг нь л байдаг. Чамд, таньд мөрөөдөлдөө хүрэхэд тоймгүй олон бэрхшээл тулгарах нь мэдээж. Гэхдээ тэр бүхэнд зорилгоосоо няцалгүй тууштай тэмцэн, түүнээсээ баяр баясгаланг олж авах нь чухал. “Амьдрал хэмээх далайд хөлөг онгоцны жолооч нь ЧИ болохоос зорчигч нь биш” гэх нэгэн үгс бий. Хааяа хэцүү үе тулгарч, шантрах үед энэ үгийг би өөртөө хэлдэг юм. Гэр бүлдээ би ганц итгэл найдвар нь болохоор тэднийхээ сэтгэлийг өвтгөхгүй юмсан гэсэн бодол байнга надад төрдөг. Би байгаль орчны инженер, тэр тусмаа байгалийн баялаг, түүний хамгаалалтын чиглэлээр суралцаж Монголд хаалттай буй асуудлуудыг шийдвэрлэнэ гэж боддог. Туршлагатай сайн боловсон хүчин болоод эх орноо хөгжүүүлэхэд бүхий л амьдарлаа зориулж, насны эцсээр хийсэн бүтээсэн бүхнээ шавь нартаа яриад сууж байна гэдэг ямар их аз жаргал гээч. Дэлхий даяар цөлжиж, хүлэмжийн хийн нөлөө, агаарын бохирдол зэрэг онгон байгаль мөхөх үзэгдэлд онцгой анхаарал хандуулж буй цааш цаашдын үр ачаа цэвэр агаар тунгалаг усаар тэтгэхийн тулд энэ мэргэжлийг би сонгосон билээ. Даяаршиж буй нийгэмд хөлөө олон, эх орноо дэлхийн тавцанд гаргаж, өөрт минь олдоогүй бүхнийг бусдад нээж өгөх агуу хүсэл мөрөөдөл арван зургаатай миний цээжин дотор бапрах гал шиг улалзаж байдаг юм. Эцэст нь байхгүйдээ гомдоллох бус байгаадаа сэтгэл хангалуун явж, сайн сайхныг мөрөөдөн ирээдүйн төлөө зорилготой алхаж, хүсэл мөрөөдөлдөө хүрээрэй гэж миний зүгээс хүсэх байна.

Бурмаар бус Урмаар тэтгэх их үйлсэд тань амжилт хүсье.

Урам зориг, хүсэл мөрөөдөлдөө хүрэх дардан замыг нээж, зорилгыг тань таниулж өгдөг юм шүү.