Шинэ Монгол Технологийн дээд сургууль
New Mongol institute of technology

Судалгаа

СУДАЛГАА

Өндөр технологийн судалгааны (биотехнологи, нанотехнологи, мэдээллийн технологи ) нээлттэй төвийг байгуулах, мөн өндөр технологийн аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэхэд 3O (Info, Bio, Nano, three O) технологийн болон бусад дэвшилтэт технологийн платформыг бий болгоно(зургаас үзнэ үү).

NMIT үр дүн нь чанартай судалгаа хийх орчинг бүрдүүлэх, салбарын онцлогоос хамааран судалгааны баг, удирдлага, зохион байгуулалт, олон эх үүсвэртэй санхүүжилтийн уян бодлого барьж ажиллана.

Дэлхийн жишигт нийцсэн боловсролоор дамжуулан судалгааны ололт амжилтыг нийгэмд хүргэхийн тулд, хамгийн сүүлийн үеийн судалгааны үр дүнг сургалтад ашиглан залуу судлаачдыг бэлтгэнэ.

NMIT нь их сургууль-аж үйлдвэр-төр хоорондын гурвалсан хамтын ажиллагааг хөгжүүлж, инновацийн цөм болох энтрепренёршип боловсрол, оюуны өмчийн хамгаалалт, технологи дамжуулалтыг дэмжин ажиллана.

Патентын төв, их сургууль-аж үйлдвэрийн хамтын ажиллагааг дэмжих төв, өндөр технологийн инкубатор төв, энтрепренёршип төв болон гарааны технологийн (старт-ап, спин-офф) компаниудын үйл ажиллагааг дэмжих, удирдан чиглүүлэх үүрэг бүхий сургуулийн дэргэдэх “Судалгааны парк” байгуулан ажиллана.

NMIT нь бүтээлч санаа сэдэлтэй, анхдагч судалгааг илүүтэй анхаарч, үнэнийг эрэлхийлэн судалж, шинэ мэдлэг бий болгож байгаа бие даасан судалгааны бүтээлч үйл ажиллагааг хүндэтгэн, нээлттэй судалгааны тогтолцоог дэмжих буюу судалгааны төслийн агуулга (судалгааны санаа), судалгааны баг, менежмент, санхүүжилт, судалгааны үр дүнг нийгэмд ил тод нээлттэй байлгана.

Сургалт, судалгааны ажлын явц болон гаргасан үр дүнг олон нийтийн хүртээл болгох, танин мэдэхүйн олон хэлбэрээр сурталчлах замаар нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулна (зургаас үзнэ үү).

Гадаадын их сургууль, шинжлэх ухааны байгууллага, хувийн хэвшил, судалгааны нээлттэй төвүүд, төрийн бус байгууллага, хөрөнгө оруулалтын болон санхүүгийн олон улсын байгууллагууд дэлхийн болон азийн хөгжлийн банк, МУ-д суугаа гадаад элчин сайдын яамдуудтай харьцах хамтын ажиллагааг сайжруулна.

NMIT-ийн судалгааны санхүүгийн олон талт эх үүсвэрийг бий болгох үүднээс “ FundRaising”, “Grant Support ”, “Alumni Support”, “Start-up Support”-ийн эх суурийг тавьж, үйл ажиллагааг эхлүүлнэ. Мөн инновацийн болон венч хөрөнгө оруулалтын сангаас инновац, технологийн төслийг санхүүжүүлэх механизмыг бий болгоно.

Судалгааны үйл ажиллагаанд академик эрх чөлөөг дээдэлж, профессор багш, судлаач, суралцагчдын үнэн мэдлэгийг эрэлхийлсэн бие даасан сургалт-судалгааны үйл ажлыг хүндэтгэн, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг баталгаажуулна.

Монгол Улсын шинжлэх ухаан, технологи, оюуны өмч, инновацийн талаар баримтлах бодлого, хөтөлбөр, хууль эрх зүйн баримт бичиг, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, хэлэлцээр, дээд боловсрол, эрдэм шинжилгээний байгууллагуудтай холбогдох бодлого, стратеги төлөвлөгөө, дүрэм, журмыг дагаж мөрдөнө.