Шинэ Монгол Технологийн дээд сургууль
New Mongol institute of technology

Оюутны төлөв, суралцах хугацаа

Оюутны төлөв, суралцах хугацаа

Оюутны суралцах төлвийг улирал бүр тодорхойлно.

Бакалавр болон магистрын зэрэг олгох хөтөлбөрт суралцаж буй оюутнууд суралцах хугацаандаа улирал бүрт бүртгүүлэх шаардлагатай ба бүртгэлийн дүнд оюутны төлөв нь идэвхтэй ба идэвхгүй гэж ангилагдана.

Бүртгэл нь улирлын хичээл эхлэхийн өмнөх 14 хоногт зохион байгуулагдах ба энэ нь хоёр үе шаттай явагдана. Эхний шатанд оюутан сургалтын албанаас гаргасан зааврын дагуу цахим системээр урьдчилсан бүртгэлд бүртгүүлнэ. Дараагийн шатанд оюутан улирлын хураамж төлснөөр бүртгэл нь баталгаажина.

Оюутны бүртгэл баталгаажсанаар идэвхтэй төлөвт шилжих ба үргэлжлүүлэн суралцах эрх нээгдэх буюу хичээлд бүртгүүлэх боломжтой болно.

Бүртгэлийн хугацаанд бүртгүүлээгүй оюутан нэмэлт хураамж төлж, тухайн улирлын I долоо хоногт багтаж бүртгүүлнэ. Бүртгүүлээгүй оюутны төлөв идэвхгүй төлөвт байна.

Зуны улирлын оюутны бүртгэл үндсэн улиралтай адил байна. Зуны улиралд хичээл судлахгүй оюутан бүртгүүлэхгүй.

Идэвхгүй төлөв бүхий оюутан хичээл судлах, оюутны дотуур байранд амьдрах, оюутныг дэмжих төрөл бүрийн үйл ажиллагаанд хамрагдах боломжгүй болно.

Улирал бүрийн эхэнд идэвхтэй төлөвт буй оюутны үргэлжлүүлэн суралцах эрхийг захирлын тушаалаар баталгаажуулна. Тушаалд оюутны нийт цуглуулсан багц цагийн хэмжээ буюу төвшинг дурьдсан байна.

Цуглуулсан багц цагийн хэмжээгээр тухайн оюутны суралцаж буй төвшин тодорхойлогдоно. Үүнд:

0-30 багц цаг биелүүлсэн бол нэгдүгээр төвшний оюутан

31-60 багц цаг биелүүлсэн бол хоёрдугаар төвшний оюутан

61-90 багц цаг биелүүлсэн бол гуравдугаар төвшний оюутан

91 ба түүнээс дээш багц цаг биелүүлсэн бол дөрөвдүгээр төвшний оюутан

Оюутны бакалаврын зэрэг олгох хөтөлбөрт суралцах ердийн хугацаа 4 жил, дээд хугацаа ердийн хугацаанаас 2 хүртэл жилээр илүү байж болно. Оюутан нь сургалтын ерөнхий төлөвлөгөөг баримтлан өөрийн суралцах төлөвлөгөөг боловсруулж, суралцана.

Оюутан нь бакалаврын зэрэг олгоход тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг 4 жилээс бага хугацаанд хангасан тохиолдолд төгсөхийг зөвшөөрнө.

Оюутны магистрын зэрэг олгох хөтөлбөрт суралцах ердийн хугацаа 2 жил, дээд хугацаа ердийн хугацаанаас 2 хүртэл жилээр илүү байж болно. Оюутан нь сургалтын ерөнхий төлөвлөгөөг баримтлан өөрийн суралцах төлөвлөгөөг боловсруулж, суралцана.

Оюутан нь магистрын зэрэг олгоход тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг 2 жилээс бага хугацаанд хангасан тохиолдолд төгсөхийг зөвшөөрнө.