Шинэ Монгол Технологийн дээд сургууль
New Mongol institute of technology

Оюутны мэдлэг, чадвар, хандлагын үнэлгээ

Оюутны мэдлэг, чадвар, хандлагын үнэлгээ


Багш нь оюутны судалж буй хичээлээр эзэмшсэн мэдлэг, чадвар, хандлагыг үнэлж, оюутны эцсийн үнэлгээг улирлын төгсгөлд сургалтын мэдээллийн системд оруулах буюу сургалтын албанд ирүүлнэ.

Оюутны мэдлэг, чадварыг үнэлэхдээ дараах дөрвөн шалгуурыг гол үндэслэл болгоно. Үүнд:

Илтгэх чадвар;

Бүтээлч чадвар;

Төсөөлөн бодох чадвар;

Тухайн хичээлийн агуулгыг хэр эзэмшсэн байдал;

Илтгэх чадвар гэдэг нь оюутан өөрийн мэдлэг, бодол, санааг бусдад өгүүлэх, хүргэх, бусадтай хуваалцах, мэтгэлцэх чадварыг хэлнэ.

Бүтээлч чадвар гэдэг нь шинэлэг, шинэ санаа, сэтгэлгээг бодит үйл болгох, бодитоор илэрхийлэх, санаачлагатай чадварыг хэлнэ.

Төсөөлөн бодох чадвар гэдэг нь тухайн хичээлээр олгосон мэдлэгийн талаар хэр зөв төсөөлөлтэй болсныг илэрхийлнэ. Энэ нь бодит үйлээр илэрхийлэгдэхгүй, оюутны хэр зөв дүрслэн сэтгэж буйг илтгэнэ.

Тухайн хичээлийн агуулгыг хэр эзэмшсэн байдал гэдэгт оюутны мэдлэг, чадвар, хандлага хэр нэмэгдсэнийг илтгэнэ.

Багш хичээл заах явцдаа оюутны мэдлэг, чадвар, дадлыг үнэлэн дүгнэхдээ дараахь зарчмыг баримталж, мөрдлөг болгоно. Үүнд:

Оюутанд зориулсан үнэлгээний лавлах боловсруулах ба үүнд дараахь зүйлүүдийг тусгасан байна.

Үнэлгээний шалгуур үзүүлэлтүүд нь хичээлийн зорилго, хүрэх үр дүнг тодорхой харуулахуйц, оюутанд тодорхой, ойлгомжтой байх;

Хүрэх үр дүнгээс оюутан өөрийгөө хэр зайтай байгааг ойлгох боломжтой байх буюу оюутан өөрийгөө үнэлэх боломжтой байх;

Оюутан үнэлгээг ахиулахад хийх алхмууд тодорхой байх;

Багшийн үнэлэх аргачлал, хуваарилалт тодорхой байх;

Даалгавар нь үнэлгээний шалгуур үзүүлэлтэнд тохирсон, хэмжигдэхүйц байх;

Даалгавар нь гүйцэтгэх хугацаа, анхаарах зүйлийг агуулсан заавартай байх;

Оюутанд үнэлгээг тулгахгүй, дүнгээ сонгох, голох эрх олгох, оюутны дүнгээ ахиулах боломжийг нээлттэй байлгах;

Даалгаврын гүйцэтгэлийг оюутнаар аль болох амаар илтгүүлэх;

Шударга, үнэн зөв дүгнэх;

Үнэлгээг суралцах үйл ажиллагааны хөшүүрэг болгох;

Дүгнэсний дараа оюутны үнэлгээнд дүн шинжилгээ хийх;

Оюутны мэдлэг, чадвар, хандлагын үнэлгээг илтгэх оюутны судалсан хичээлийн дүнгийн хуудас, оюутны дүнгийн тодорхойлолт, төгсөлтийн бичиг баримтанд зөвхөн үсгэн дүнг бичих ба оноо, хувь зэргийг ашиглахгүй.

ШМТДС-д дараахь дүнг амжилттай дүн гэж тооцно. Үүнд:

A; B; C

P /Passed/

Оюутны мэдлэг чадварын үнэлгээний чанарын ялгааг харуулах зорилгоор амжилттай дүн болох A, B, C дүнд +,- гэсэн нэмэлт тэмдэглэгээ хэрэглэх ба үүнийг зөвхөн сургуулийн дотоод хэрэгцээнд ашиглана.

Тэнхим/профессорын багийн саналыг Сургалтын алба зөвшөөрсөн тохиолдолд тухайн хичээлийг P үнэлгээгээр үнэлэнэ. Хичээлийн P үнэлгээ нь оюутны голч дүнд бодогдохгүй, харин цуглуулсан багц цагт тооцогдоно.

Шинээр элссэн оюутны эхний улиралд судалж буй цаашид үргэлжлүүлэн судлах шаардлагатай математик, байгалийн ухааны хичээлийг зөвхөн P/F дүнгээр дүгнэхийг зөвшөөрнө.

D үнэлгээг амжилттай дүнд тооцох эсэхийг тэнхим/багш шийдвэрлэнэ. Оюутан урьдчилан үзэх хичээл дээр D дүн авбал дараагийн хичээлийг судлахаас өмнө нэмэлт даалгавар гүйцэтгэх, эсвэл өмнөх хичээлийг давтан судлахыг тэнхим/багш шийдэх ба энэ тухай хичээлийн хөтөлбөрт тусгасан байна.

Оюутныг дүгнэхдээ тэнхим/багш нь тоогоор илтгэсэн оноо, урьдчилан тодорхойлсон хувь зэргийг ашиглаж болох ч түүнийг үсгэн дүнд харьцуулсан хуваарилалтыг хийхдээ үнэлгээний илтгэх хэмжүүрийг баримтална.

Дүн

Үсгэн дүн

Тоон дүн

Үнэлгээний илтгэх хэмжүүр



Амжилттай дүнгүүд

А+

4.0

Маш сайн үзүүлэлт. Хичээлийн үндсэн болон өргөтгөсөн /нэмэлт/ агуулгыг маш сайн ойлгосон, хичээлээр олгох чадвар, дадлыг өндөр төвшинд эзэмшсэн, чадварлагаар ашигладаг, асуудлыг шийдвэрлэх, бусдад илэрхийлэх чадвар өндөр байна.

А

A-

B+

3.0

Сайн үзүүлэлт. Хичээлийн гол агуулгыг сайн ойлгосон, хичээлээр олгох чадвар дадлыг сайн эзэмшсэн, тэдгээрийн дийлэнхийг ашиглаж чаддаг, асуудлыг шийдвэрлэх, бусдад илэрхийлэх чадвар сайн байна.

В

B-

C+

2.0

Дундаж үзүүлэлт. Хичээлийн агуулгыг дундаж хэмжээнд ойлгосон, хичээлээр олгох чадвар дадлыг боломжийн хэмжээнд эзэмшсэн, энгийн асуудлыг шийдвэрлэх, бусдад илэрхийлэх чадвартай байна.

С

C-


Амжилтгүй дүнгүүд

D


1.0

Тавигдах шаардлагыг байж болох хамгийн бага хэмжээгээр эзэмшсэнийг харуулна. Энэ нь хичээлийн агуулгын бага хэсгийг ойлгосон, зарим төрлийн энгийн асуудлыг шийдвэрлэх чадвартай байна. Энэ үнэлгээ нь хичээлийн агуулгыг бүрэн эзэмшихэд нэлээд хэмжээгээр хичээллэх шаардлагатайг илтгэх тул дараагийн хичээлийг судлахаас өмнө нэмэлт даалгавар биелүүлэх, эсвэл өмнөх хичээлийг давтан судлахыг тэнхим шийдвэрлэх ба энэ тухай хичээлийн хөтөлбөрт тодорхой тусгасан байна.

F

0

Хангалтгүй, тухайн хичээлийг дахин судлах шаардлагатай.

Оюутны сурлагын чанарыг улирал бүрийн, мөн нийт суралцсан хугацааны голч дүнгээр тодорхойлно. Голч дүнг бодохдоо хичээл бүрээр оюутны авсан тоон дүнг харгалзах хичээлийн багц цагаар нь үржүүлж, тэдгээрийн нийлбэрийг нийт бүртгүүлсэн хичээлийн багц цагийн нийлбэрт хувааж (арифметикийн жигнэсэн дундаж) бодох ба бутархай тоо бол аравны нарийвчлалтай байна.

n – хичээлийн тоо

CRi тухайн () дугаар хичээлийн багц цаг

GPi – тухайн () дугаар хичээлийн тоогоор илтгэсэн дүн

GPA – голч дүн

Оюутныг үнэлэхдээ тоо болон үсгээр илтгэсэн дүнг хэрэглэхээс гадна нэмэлт үсгэн тэмдэглэгээг хэрэглэнэ. Эдгээр тэмдэглэгээ нь оюутны голч дүн буурах шалтгааныг тогтоох, оюутан голч дүнгээ хянах, дүнгээ ахиулах боломж олгох, бусад сургуулийн багц цагийг шилжүүлэн тооцох зэрэгт хэрэглэгдэнэ.


I

(Incomplete)

Хүндэтгэн үзэх шалтгаанаар явцын үнэлгээ (бие даалт, даалгавар, дадлагын ажил дутуу, явцын шалгалтанд орж чадаагүй гэх мэт) дутуу боловч шалгалтын хугацаанд нөхөн гүйцэтгэж, шалгуулах нөхцөлтэйгээр хэрэглэнэ. Шалгалтын хугацаанд шалгуулаагүй тохиолдолд багш тохирох дүнгээр солино.


E

(Examine Incomplete by Student)

Хүндэтгэн үзэх шалтгаанаар улирлын шалгалтанд ороогүй бол багш (эсвэл сургалтын албаны дарга) энэ тэмдэглэгээг бичнэ. Дараагийн улирлын эхний 30 хоногт багтааж, шалгалтыг өгөх ба өгөөгүй тохиолдолд F дүнгээр солино.


NC

(No Credit)

Багц цаг тооцохгүй бөгөөд уг хичээлийг оюутан судалсан гэсэн тэмдэглэгээ. Кредит тооцуулахгүйгээр хичээл судлах зөвшөөрөл авч амжилттай судалсан тохиолдолд тавигдах тэмдэглэгээ юм.


CR

(Credit gRanted)

Өөр сургуулийн багц цагийг шилжүүлэн тооцох үед энэ тэмдэглэгээг хийнэ. Голч дүнд бодогдохгүй. Нийт цуглуулсан багц цагийг тооцоолоход бодогдоно.


W

(Withdrew)

Оюутан бүртгүүлсэн хичээлээ цуцлуулсан тохиолдолд уг тэмдэглэгээг хийнэ. Энэ тохиолдолд хичээлийг дахин судлах ба шинээр судлах хичээлийн адил бүртгүүлж судална.


WF

(Withdrew Failing)

Оюутан тухайн хичээлийг хангалтгүй судалсан буюу үнэлэх боломжгүй тохиолдолд улирлын шалгалтаас өмнө багш энэхүү тэмдэглэгээг хийнэ. Энэ тохиолдолд хичээлийг дахин судална.


S

(Satisfactory)

Судалгаа, эрдэм шинжилгээний туслах ажил гүйцэтгэж, хичээлд кредит тооцуулсныг илтгэх дүн. Энэ нь голч дүн бодогдоход тооцогдохгүй, цуглуулсан багц цагт тооцогдоно.


R

(Repeat)

Оюутан амжилттай судалсан хичээлийн дүнгээ ахиулах зорилгоор тухайн хичээлийг дахин судлах үед өмнөх дүнг энэ тэмдэглэгээгээр солино.

Нэмэлт тэмдэглэгээ тавигдсан хичээлийн багц цагийг улирлын болон нийт суралцсан хугацааны голч дүнг бодоход хэрэглэхгүй.

Тухайн хичээлийг заасан багш нар хамтарч, оюутны мэдлэг, чадварыг үнэлнэ.

Багш оюутны судалсан хичээлийн дүнг улирлын шалгалт авсны дараах ажлын 5 хоногийн дотор багтааж сургалтын мэдээллийн системд оруулах ба Сургалтын албанд тухайн хичээлийн дүнгийн хуудсыг ирүүлнэ. Дүгнэгдвэл зохих нийт оюутны дүн нь сургалтын албанаас баталсан дүнгийн хуудас дээр бичигдсэн байх ба дүгнэсэн багш нар гарын үсэг зурсан байна. Дүнгийн хуудсанд гараар засвар хийхийг хориглоно.

Оюутны дүнг багш сургалтын мэдээллийн системд оруулж, тухайн хичээл харъяалагдаж буй Тэнхмийн/профессорын багийн эрхлэгч/ахлагч, Сургалтын алба хянасны дараа оюутанд мэдээлнэ.

Оюутны судалсан хичээлүүдийн үнэлгээ нь улирлын шалгалт өгсөн өдрөөс хойш ажлын 7 хоногийн дараа сургалтын мэдээллийн систем дэх өөрийн нь талбарт тавигдсан байна.

Оюутан тухайн хичээлийн дүнг хүлээн авсны дараа алдаатай гэж үзэж байвал уг дүнг хянан магадлуулахаар хүсэлт гаргаж болно. Ийм хүсэлтийг дараа улирлын эхний 21 хоногт багтан Сургалтын албанд бичгээр гаргах ба энэ хугацаанаас хэтэрч гаргасан гомдлыг хүлээн авахгүй.

Сургуулийн захирлын шийдвэрээр байгуулсан комисс гомдол гаргасан оюутны шалгалтын материал, уг шалгалтын материалыг үнэлж дүгнэхэд баримталсан зарчим, хэрэглэсэн арга зүй, оюутны гүйцэтгэсэн даалгавар, хэрэглэгдэхүүнийг хянан магадлаж, дахин үнэлсний үндсэн дээр зохих дүгнэлтийг гаргана. Хэрэв, комиссын дүгнэлтээр шалгалтын материалыг шударга бус үнэлж дүгнэсэн байвал комиссын өгсөн үнэлгээг (оюутны өмнө нь авсан үнэлгээнээс өөрчлөгдсөн тохиолдолд) эцсийн үнэлгээгээр сонгоно.