Оюутнууд сангийн аж ахуйд ажиллаж байна
Шинэ Монгол Технологийн дээд сургууль
New Mongol institute of technology

Оюутнууд сангийн аж ахуйд ажиллаж байна

11.09.2014

Шинэ Монгол Технологийн Дээд Сургуулийн анхны оюутнууд Төв аймгийн Цээл сумын тариа бригадын сангийн аж ахуйд энэ сарын 3-аас 13-ны өдрүүдэд ажиллаж байгаа билээ.  

Өнгөрсөн ням гарагт тус сургуулийн захирал Ч.Ганзориг, багш нарын хамт дадлагаар ажиллаж буй оюутнуудтайгаа очиж уулзлаа. Хичээлийн шинэ жилийн анхны өдрүүдийг хамдаа өнгөрөөж, ажил хөдөлмөрийн талбарт танилцаж байгаадаа шинэхэн оюутнууд сэтгэл өндөр байсан юм.

Намрын ажилд явдаг сайхан уламжлалыг ахин сэргээж, сангийн аж ахуйд дадлага хийлгэснээр оюутнууд найзалж нөхөрлөх, хөдөлмөрт суралцахын зэрэгцээ хадлан тариа, өвс тэжээл бэлтгэлийн ид үед орон нутгийнхны ажилд их тус дэм болж байна гэж Төв аймгийн Засаг дарга Д.Батбаяр болон бригадын дарга нар манай оюутнуудад ам сайтай байлаа.

Энэ сарын 15-ны өдөр нээлтээ хийх Шинэ Монгол Технологийн Дээд Сургуулийн багш нар сүлд дуугаа өлгийдөн авсан баяраа хуваалцаж,  шинэхэн дууны үг, аялгууг оюутнууддаа сонсгож, ургацын талбайдаа дуугаа сураад нээлтийн өдөр хамтдаа дуулахыг захиж үлдээсэн юм.

Яруу найрагч Б.Ганхүрэлийн шүлэг, Хурд хамтлагийн хөгжимчин Д.Отгонбаатарын аялгуугаар ШМТДС, ШМТИК-ийн сүлд дуу “Мөнхийн хөдөлгүүр- Шинэ Монгол” дуу төрөн гарсан юм. Эх орныхоо хөгжлийн хөдөлгүүр болсон оюутнуудын маань үйлс өндөр, ургац арвин байх болтугай.


Төв аймгийн засаг дарга Д.Батбаяр манай оюутнуудтай уулзан өөрийн сангийн аж ахуйд ажиллаж байсан оюутан насны дурсамжаа хуваалцан амжилт хүслээ.

 “Шинэ залуус” бригади дээр дадлагажиж буй оюутнууд


“Цээл-Ур” бригади дээр дадлагажиж буй оюутнууд


“Чандмань”, “Баянбүрд”, “Бугын-Ам” бригадиуд дээр дадлагажиж буй оюутнууд

Ид ажлын үеэр


Шинэ Монгол Технологийн Дээд Сургуулийн оюутнууд анх удаа сүлд дуугаа сонсож байна.