Шинэ Монгол Технологийн дээд сургууль
New Mongol institute of technology

Мэндчилгээ

Боловсрол бол хүнийг гэгээрүүлдэг, бас бодож сургадаг

Мэндлээд гурван жилийг үдэх гэж буй Шинэ Монгол технологийн дээд сургууль нь Дэлхийд үнэлэгдэх мэдлэгтэй хүнийг бэлтгэхийн тулд Монголын MIT буюу шинэ түвшний боловсролыг бий болгох өрнүүн их зорилготойгоор 2014 онд байгуулагдсан. Монгол улсад мэдлэгийн нийгмийг цогцлоон мэдлэг боловсрол, судалгаа инновац, аж үйлдвэрлэл, бизнес санхүүгийн салбарт олон улсын түвшинд өрсөлдөх чадвартай инженерүүдийг төрүүлж, энтрепренершип мэдлэг, соёлыг хөгжүүлэх хэмээн томъёолсон.

2050 он гэхэд сургалт судалгаа, инновацийн аль нэг чиглэлээрээ дэлхийн топ 100 сургуулийн нэг болох алсын хараатай. Бид оюутан залуучуудын дунд судалгаа хийж монгол хүнд тохирсон сургалтын чанарын үнэлгээний тогтолцоо, суралцах хамгийн таатай орчинг бий болгохыг зорьж байна. Монгол хүний нэг онцлог бол байгалийн ухааны чиглэлээр их авъяаслагаас гадна гарын ур дүйтэй байдаг. Сургалтын виртуаль орчин, өндөр технологийн платформыг нэвтрүүлэн оюутнууддаа тэргүүлэх их сургуулиудын сургалтын бодлого, технологи, кампус орчинг бүрдүүлэхийг зорьж байна.

Монгол компаниудын хүсэж буй инженерийн чиглэлүүдийг тодорхойлж, тэдгээр компанитай хамтарсан лаборатор, төсөл хөтөлбөрийг бий болгон ажиллахаар аж үйлдвэрийн судалгаануудыг энэ жилээс эхлүүлээд байна.

Манай дээд сургууль нь байгууллагын болон инженер технологийн чиглэлийн найман хөтөлбөрийг олон улсын магадлан итгэмжлэгдсэн Европын холбооны ASIIN хөтөлбөрт хамруулах талаар хамтран ажиллаж байгааг дуулгахад таатай байна. Монголын олон зуун жилийн их түүх, соёл, мэдлэгийг шингээсний зэрэгцээ гадны шилдэг их сургуулиудын стандарт, магадлан итгэмжлэл, чанарын баталгаажуулалтыг хослуулсан тогтолцоог бүрдүүлж чадсан их сургуулийг байгуулах хүсэл эрмэлзэл, итгэлтэй дүүрэн байна.

Эх орныхоо их бүтээн байгуулалт, ирээдүйн хөгжлийн төлөө инженерүүд бид зүтгэх ёстой. Инженер болох оюутан залуустаа шаргуу хөдөлмөрлөн суралцаж улс эх орныхоо хөгжлийг цогцлоон босгохыг уриалж байна. Олон улсад тэргүүлэх судалгааны шинэ их сургуулийг байгуулахаар зориг шулуудсан нийт профессор багш, оюутнууддаа баяр хүргэе.


Захирал, Проф. Ч.Ганзориг

Химийн болон техникийн ухааны доктор