Шинэ Монгол Технологийн дээд сургууль
New Mongol institute of technology

Мобиком Корпораци болон Шинэ Монгол Эрдмийн Хүрээлэнгийн хамтарсан лабораторийн нээлт боллоо

04.05.2021

Өнөөдөр Шинэ Монгол Технологийн Дээд Сургууль дээр Мобиком Корпораци болон Шинэ Монгол Эрдмийн Хүрээлэнгийн хамтарсан лабораторийн албан ёсны нээлт болж өнгөрлөө.

Мобиком Корпораци ШМЭХ энэ оны долдугаар сард дэлхийд өрсөлдөх өндөр мэдлэг, ур чадвартай инженер, технологийн мэргэжилтэн бэлтгэх, оюутан, сурагчдад бизнесийн харилцааны дадлага туршлага олж авах боломжийг олгох, мэргэжлийн боловсролд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор хамтын ажиллагааны санамж бичгийг байгуулсан юм. Энэ санамж бичгийн хүрээнд мэдээллийн технологийн лаборатори байгуулахаас гадна ШМЭХ-ийн оюутан, сурагчдыг Мобиком болон түүний охин компаниудад үйлдвэрлэлийн дадлага хийлгэх, шилдэг дадлагажигчдад ажлын байр санал болгох, Мобикомын туршлагатай инженерүүдийг мэдээллийн технологийн чиглэлийн сургалтын хөтөлбөрийн зөвлөхөөр ажиллуулах, сурагч, оюутнуудын санаачилсан төсөл хөтөлбөрт дэмжлэг үзүүлэх зэрэг олон ажлыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.

Мобиком Корпораци нийгмийн хариуцлагынхаа үндсэн чиглэлийг Монгол орны хүүхэд, залуус руу чиглүүлж, тэдний сурах, амьдрах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор олон төсөл хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлсэн. Үүнээс мэдээллийн технологийн чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлуудаас онцолбол:

  • “Цахим сургалт” төслийн хүрээнд хот, хөдөө орон нутгийн 30 гаруй сургуульд компьютер, дижитал проектороор тоноглогдсон интернэтийн өндөр хурдтай иж бүрэн танхимыг байгуулж, удирдлага, хяналт, сургалтын цахим программ нэвтрүүлж, портал цахим хуудастай болгож өгсөн.
  • Чингэлтэй дүүргийн 24 дүгээр сургуульд мэдээллийн технологийн загвар төвийг байгуулснаар тус сургууль улсын хэмжээний мэдээллийн технологийн жишиг дунд сургууль болсон.

Лабораторийн нээлтийн арга хэмжээнд Мобиком Корпораци болон ШМЭХ-гийн удирдлагууд, багш, сурагчид оролцож, Мобиком Корпорацийн Мэдээллийн технологийн газрын захирал Б.Мөнхзориг “Мэдээллийн технологийн ирээдүйн чиг хандлагууд” сэдвээр яриа хийсэн юм.

Энэхүү мэдээллийн технологийн лаборатори байгуулагдсанаар оюутнуудын сурах хүсэл эрмэлзэл улам бадамлаж, инженерчлэл, технологийн чиглэлийн тэргүүлэх судалгааны ажлууд, дэлхийд өрсөлдөх онцгой бүтээгдэхүүн, үйлчилгээнүүд шинээр гарна гэдэгт итгэлтэй байна.