Шинэ Монгол Технологийн дээд сургууль
New Mongol institute of technology

ДЭЛХИЙД ЭХНИЙ 100-Д БАГТАХ ТОМ ЗОРИЛГОТОЙ

23.05.2014

Шинэ Монгол” технологийн дээд сургууль дэлхийд эхний 100-д багтах том зорилготой

Монгол хүн, монгол инженер нанотехнологи, биотехнологи, биоанагаах, химийн инженерчлэлийн салбарт цахиур хагалах цаг ойрхон иржээ. Энэ бүхний үндсийг “Шинэ Монгол” технологийн дээд сургууль тавих гэж байна. Энэ талаар “Шинэ Монгол” технологийн дээд сургуулийг үүсгэн байгуулагч “Шинэ Монгол” дунд сургуулийн ерөнхий захирал Ж.Галбадрах, МУИС-ийн Эрдэм шинжилгээ, инновац эрхэлсэн дэд захирал, доктор, профессор Ч.Ганзориг нартай ярилцлаа.

-“Шинэ Монгол” технологийн дээд сургуулийн танилцуулгад дурдагдсан “антрепренёршип” гэсэн үг анхаарал татлаа. Энэ үгний учрыг тайлбарлаж өгөхгүй юу?

 Ч.Ганзориг:- Сүүлийн үед их сургуулиудын хөгжлийн хандлага нь сургалт, судалгаанаас гадна нийгэм эдийн засгийн хөгжил рүү илүү чиглэж байна. Өөрөөр хэлбэл, корпорацын буюу санхүү эдийн засаг, зээл, биржийн систем дээр ажилладаг их сургуулиудыг ерөнхийд нь “антрепренёршип үзэл баримтлалтай их сургууль” гэж нэрлээд байгаа юм. Одоогийн их сургуулиуд улсын төсвөөс их хэмжээний санхүүжилт авч чаддаггүй шүү дээ. Төрийн болон хувийн их дээд сургуулиуд бол сургалт судалгаа гэсэн үндсэн үйл ажиллагаагаа явуулахаас хэтрэхгүй. Бид үүн дээр нэмээд нийгэм эдийн засагт чухал үүрэгтэй корпорацын үйл ажиллагаа явуулах юм. Энэ нь санхүүгийн хувьд бие даах чадвартай их сургуулийн менежментийн тогтолцоо гэсэн үг. Орчин үед олон улсад хүчтэй гарч ирж байгаа их сургуулийн хэлбэр л дээ.

-Ер нь ийм “антрепренёр их сургууль Монголд танайхаас өөр байна уу?

Ж.Галбадрах:- Одоогийн байдлаар ийм загвар, чиглэлийн сургууль Монголд алга. Харин энэ талын үг, хэлбэрүүд нэлээн хэрэглэдэг болсон байна лээ. Жишээлбэл, хувийн хэвшлийнхэн сүүлийн үед “Компанийн засаглал” гэсэн нэр томъёог хэрэглээд байгаа шүү дээ.

-Хууль эрх зүйн хувьд Монголын боловсролын тогтолцоонд хэр нийцэх юм бол?

Ч.Ганзориг:- Энэ талын эрхзүйн тогтолцоо Монголд нэлээн сайн боловсорсон. Өнгөрсөн жил л гэхэд Инновацын тогтолцоо батлагдсан. Мөн шинжлэх ухаан технологийн чиглэлийн хуулиуд ч нэлээн цэгцэрлээ. Одоо үүнийг бодит байдал дээр хэрхэн хэрэгжүүлэх л асуудал үлдсэн. Өмнө нь их сургууль гэдгийг сургалт гэдэг үндсэн процесс, судалгаагаар л төсөөлдөг байсан. Орчин үед бол их сургууль өөрөө өөрийнхөө эрхээр хамгаалагдсан шинэ мэдлэг, шинэ технологид тулгуурлан компани байгуулдаг болсон. Монголчилбол “Гарааны компани” байгуулна гэсэн үг л дээ. Ингэхдээ гаднаас технологи хуулбарлах биш, цэвэр өөрийнхөө технологи дээр суурилж компаниа байгуулж ажилладаг. Бид энэ чиглэл рүү нэлээн хүчтэй орох бодолтой байгаа.

-“Гарааны компани” гэдгийг тайлбарлаж өгөхгүй юу. Энгийн компаниас юугаараа ялгарах вэ?

Ж.Галбадрах:- Их сургуульд нэг профессор байлаа гэж бодъё. Түүнийгээ тойроод хэдэн оюутантай. Харин профессор нь сургуультайгаа гэрээ хийгээд компаниа байгуулж ажиллана. Жишээ нь, нэг компаниас дээж авч шинжилж өгье л дөө. Мэдээж тэндээсээ төлбөртэй. Төлбөрөөсөө багаж, тоног төхөөрөмж ашигласны хөлсийг их сургуульдаа өгнө. Цаана нь гарсан ашгаа профессорын баг нь авна. Энэ зарчмаар ажилласнаар профессорын баг илүү хүчтэй болж ирнэ. Хийж байгаа судалгаа нь ч амьдралд бодитой хэрэгжинэ гэсэн үг.

-Танай сургуулийн санал болгож буй мэргэжлүүд байгалийн шинжлэх ухаанд суурилсан гэж байсан. Яагаад заавал байгалийн шинжлэх ухаанд суурилсан юм бэ?

Ч.Ганзориг:- Байгалийн 

шинжлэх ухаан бол технологийн их сургуулиудын үндсэн суурь шинжлэх ухаан л даа. Монголд математик, хими, физикийн сонгоны анги гэж байдаг. Эдгээр сонгоны ангийг төгссөн хүүхдүүд манайд ороод ирлээ гэхэд аль салбараар нь түлхүү сургах хэрэгтэй вэ гэдгийг бодолцоно. Мөн сонирхлыг нь дагуулаад манай элсүүлж байгаа нанобиотехнологи, нано-инженерчлэл, химийн инженерчлэл, механик инженер, цахилгааны инженер, иргэний ба үйлдвэр

лэлийн барилга гэсэн долоон мэргэжлийн аль нэгээр нь сургана. Ер нь эдгээр мэргэжлүүд дэлхийд ид хүчээ авч эхэлж байгаа өндөр технологийн чиглэлүүд байхгүй юу. Монголд бол энийг сайн ойлгож, хүлээж авахгүй байна л даа.

-Зарим хүн “Дэлхийд дөнгөж хүчээ авч гарч ирж байгаа мэргэжлээр Монголд хүн сургана гэж үү” гэж гайхаж, эргэлзсэн байдлаар хандаж болох юм. Энэ асуултад та бүхэн ямар хариулт өгөх бол?

Ч.Ганзориг:- Био-, нанотехнологийн чиглэлийн их сургуулиудад Америкийн, эсвэл Монголын гэсэн стандарт байдаггүй. Зөвхөн “Дэлхийн” гэсэн нэг л стандарттай. Тэр стандартыг Монгол Улс оруулж ирэх ёстой. Яагаад гэвэл, Монгол бол уул уурхай хөгжиж байгаа орон. Мөн хүн ам цөөтэй. Гэхдээ байгалийн баялаг ихтэй улс. Энэ утгаараа өндөр технологийг мөн хими технологийг зайлшгүй хөгжүүлж, дотооддоо боловсон хүчин бэлдэх ёстой. Энэ нь Монгол Улсын хөгжлийн нэг гарц, түлхүүр болох учиртай.

-Тэгвэл энэ чиглэлээр багшлах боловсон хүчний асуудлыг хэрхэн шийдэх вэ?

Ж.Галбадрах:- Наад асуудал чинь л биднийг яаран энэ ажлыг эхлүүлэх нэг шалтгаан болсон юм. Ганзориг багш маань МУИС-д химийн болон бас нано-инженерчлэлийн доктор, профессор хүн. Одоогоор МУИС-ийн Эрдэм шинжилгээ, инновац эрхэлсэн дэд захирал, Хими, химийн инженерчлэлийн сургууль, хими технологийн тэнхимийн профессороор ажиллаж байгаа. Мөн Наношинжлэх ухаан, нанотехнологийн төвийн захирал хүн л дээ. Тэгэхээр өөрийнх нь гарын шавь нар гадаад, дотоодод нанотехнологийн чиглэлээр сурч байна. Миний хувьд “Шинэ Монгол” бүрэн дунд сургуульдаа байгалийн чиглэлд нэлээн хүч тавьж сургалт явуулсан. Бараг 230-аад хүүхдийг Японд сургасан байх. Тэдний 160-аад нь байгалийн шинжлэх ухаан, техник технологийн чиглэлээр үргэлжлүүлэн суралцсан. Одоо анхны төгсөгчид нь тэндээ магистр, доктор хамгаалаад байна. Тэд маань буцаад Монголдоо ирэх чин хүсэлтэй байгаагаа илэрхийлдэг. Харамсалтай нь, энд тэдэнд зориулсан ажлын байр алга. Жишээлбэл, био-анагаахын чиглэлээр Японд сурч, доктор хамгаалсан хүүхдүүд маань Монголдоо ирж багшилмаар байна гэдэг. Гэтэл Монголын их сургуулиудад тэр салбар, тэнхим, ажлын байр нь алга. Манай сургууль энэ бүх бааз суурь, хөрсийг бэлдэх үндэс суурь нь болох учиртай.

-Одоо цаасан дээр байгаа үйлдвэрүүд 5-10 жилийн дараа бодитойгоор сүндэрлэнэ. Тэр үетэй “Шинэ Монгол” технологийн сургуулийн анхны болон хоёрдагч, гуравдагч төгсөгч нар хөдөлмөрийн зах зээлд гарж байх үетэй давхцах бололтой.

Ж.Галбадрах:- Тэгэлгүй яахав. Хоёрдугаарт, Монголоос гаднын технологийн их сургуулиуд магистр, доктор

антад оюутан их авъя гэдэг юм. Одоо ч гэсэн Токиогийн их сургууль био-анагаахын чиглэлээр хүүхэд авъя л гэж байгаа. Гэвч хэлний асуудал нэлээн бэрхшээл учруулж байна. Бид бол хүүхдүүдээ бакалавр хүртэл нь эндээ сайтар бэлтгэнэ. Мэдээж магистр нь ч гэсэн давхар явна л даа. Гэхдээ үнэхээр сайн оюутнуудаа гадаадад магистр, докторт сургана. Үүнд нэлээн цаг хугацаа орох байх. Гэхдээ тэнд сайн мэргэжилтнүүд бэлтгэгдээд гараад ирнэ. Тэд маань эргэж ирээд энэ сургуулийг авч явна. Өшөө нарийн мэргэжилтнүүдийг бэлтгэнэ. Тэр үеийг 2020 он гэж төсөөлье л дөө. Тэр үед манай улс юугаараа хөгжих юм. Ямар технологи гаргаж ирэх юм гэдэг нь тодорхой болоод гараад ирнэ. Манай сургууль нэлээн хүчтэй, материаллаг бааз суурь бэхэжсэн байна гэж төсөөлж, зорьж байгаа.

-Оюутнуудаа гадаад сургана гэлээ. Гадаад харилцааныхаа талаар сонирхуулахгүй юу?

-Сүүлийн үед “Дэлхийн боловсролыг Монголдоо эзэмшье” гэсэн сурталчилгаа их явуулдаг болж. Хэлний курс хүртэл энэ уриаг хэлж байх шиг. Танай танилцуулгад ч гэсэн энэ үг харагдсан. Тэгэхээр “Шинэ Монгол” сургуулийн бусдаас ялгарах онцлог юу вэ?Ж.Галбадрах:- Манай сургууль цаасан дээр байгуулагдаж байх үеэс л хамтарч ажиллах санал гаднаас их ирэх болсон. Японоос л гэхэд 18 сургууль хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлээд байна. Сонирхуулахад, Японд технологийн чиглэлийн маш олон сургууль бий л дээ. Сайн ч бий, дундаж нь ч байгаа. Ер нь нэгэн үе Японд технологийн сургуулиуд олноороо бий болсон юм билээ. Одоо бол зарим нь хаагдахдаа хүрсэн. Учир нь, тэр үед төрөлт их байсан. Харин одоо бол төрөлт багассан буюу суралцах хүүхдийн төө буурсан хэрэг. Тийм учраас манайхтай хамтарч ажиллах сонирхол их байдаг юм. Японы сургуулиудтай хоёр жилийг нь Монголд, үлдсэн хоёрыг нь Японд сурах, эсвэл энд гурван жилийг нь, нэг жилийг нь тэнд сургах хувилбар ч байж болно.

Ч.Ганзориг:- Дэлхийн жишиг гэдэг бол стандарт гэсэн үг л дээ. Яагаад гэвэл дэлхий дээр инженерийн сургуульд хэрэглэж байгаа багаж, тоног төхөөрөмж, мэргэжлийн сургалтын хөтөлбөр гээд нэг л стандартынх байдаг. Бид үүнээс өөрөөр Монголын хувилбарыг гаргаж ирнэ гэж байхгүй. Мэдээж сургалтад өөрийн орны онцлогыг тусгана. Тэгэхээр бид технологи, инженерчлэлийн чиглэлээр номер нэг АНУ-ын Массечутесын их сургуулийн сургалтын хөтөлбөр, жишгээр сургалтаа явуулах юм. Судалгаа бол Монголын өөрийн онцлогт тохирсон, нөөцөд тулгуурласан, хүн ам, улсын хөгжлийн бодлого, эрэлтэд суурилсан судалгааг хийнэ. Манай сургуулийн онцлог бол энэ. Бид бакалаврын төвшинд дэлхийн ямар ч шинэ мэдлэг, шинэ технологийг хүлээж авах чадварыг маш сайн суулгаж өгнө. Зөвхөн сургалт ч гэлгүй өөр олон чиглэлээр хүүхдүүдийнхээ авъяас чадварыг нь хөгжүүлнэ. Мөн Монголд биотехнологи болон аж үйлдвэрийн технологи хөгжих бүрэн боломж бий. Энэ чиглэлээр төрийн бодлого ч гарсан. Одоо хамгийн чухал эхний хийх зүйл бол бэлтгэгдсэн хүний нөөцийг бэлдэх хэрэгтэй. Манайх яг энэ чиглэлээр буюу аж үйлдвэрийн мөн инженерчлэлийн салбарт хүчтэй орох мэргэжилтнүүд бэлдэхийг зорьж байна.

Ж.Галбадрах:- Ганзоригийн докторын яриад байгаа стандартын дагуу математикийн хичээлийг хэдэн цагаар үздэг юм. Хими технологийн хичээл үзэхэд ямар сурах бичгийг, ямар хэмжээнд үзэх юм. Тэр бүгдийг мөрдөнө, дэлхийн стандартаар нь заана. Түүнээс биш, бид өөрсдийнхөө арга барилаар хичээл заах гээд байгаа юм биш.

-Ингэхэд сургууль хаана байрлах билээ. Сургууль байгуулахад шаардагдах санхүүгийн асуудлыг хэрхэн шийдэж байгаа вэ?

Ж.Галбадрах:- Есөн давхар барилгатай технологийн сургууль маань “Шинэ Монгол” дунд сургуулийн ард талд сүндэрлэх болно. Бүх зөвшөөрлөө хууль ёсны дагуу авсан байгаа. Энэ жилдээ дунд сургуулийнхаа байранд хичээллэнэ. Ирэх жил шинэ байрандаа орно. Санхүүгийн хувьд мэдээж хэцүү л дээ. Үүсгэн байгуулж байгаа бид хоёр бол хоёулаа багш хүмүүс. Тийм учраас мэдээж зээл авна. Мөн гадна дотнын хөрөнгө оруулагчдад хандаж байна. Бас бид хоёр дээр нэмэгдээд том хөрөнгө оруулагч маань болох Монголын томоохон бизнесмэн байгаа. Тэр хүн бид хоёрыг дэмжиж байгаа гэх үү дээ. Түүнээс биш сургуулийн байгууллага ашиг олохгүй шүү дээ. Нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага гэсэн статустай байгаа. Ерөнхийдөө бол санхүүгийн найдвартай ар талаа босгочихсон гэж хэлж болно. Зээл авах банктайгаа ярьж тохирсон, хөрөнгө оруулагч маань тодорхой хувийг нь гаргана. Мэдээж бид гарааныхаа хөрөнгийг гаргана.

-Сургалтын төлбөрийн хувьд ямар байх бол?

Ж.Галбадрах:- Сургалтын жилийн төлбөр таван сая төгрөгөөс эхэлнэ. Кредит цагаар ярьдаг юм л даа. Тэгэхээр нэг кредит цаг нь 160 мянган төгрөг. Жилд 30 кредит, дөрвөн жилд 120 кредит болно гэсэн үг.

-Би хувьдаа Монголын нөхцөлд бага биш мөнгө гэж харж байна. Тэгэхээр танай сургуулийг төгссөн хүүхдүүдийн мэргэжил, хөдөлмөрийн үнэлэмж нь ямар байх бол гэдгийг эцэг, эхчүүд сонирхох болов уу?

-Мөнгө дагаж чанар гэж ярьдаг. Дэлхийн их сургуулиудын ранг гэж байдаг. Манай сургууль ирээдүйд дэлхийд эхний 100-д орж ирнэ гэдэгт итгэлтэй байгаа. Энэ шалгуур бол их өндөр л дөө. Манай МУИС гэхэд л 2000-3000-д явдаг шүү дээ. Жишээ нь, дунд сургуулиудын сургалтын чанарын баталгааг төгсөгчдөө 100 хувь их дээд сургуульд элсүүлж чадаж байна уу. Цаашилбал, гадаад, дотоодын их сургуульд тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж чадаж байна уу гэдгээс нь хардаг. Манай “Шинэ Монгол” дунд сургууль энэ шаардлагыг бүрэн хангаж ажиллаж байгаа. Түүн шиг технологийн сургууль маань ч энэ шаардлагыг хангаж ажиллах болно. Түүнчлэн бид нийт төгсөгчдийнхөө 60-70 хувийг гадаадын их, дээд сургуулиудад сургана гэж төлөвлөж байгаа. Хүүхдүүд маань гадаадад илүү сайн боловсрол эзэмшээд ирнэ. Гэхдээ тэр салбар нь Монгол Улсад яаж хөгжих үү гэдгээс олон зүйл хамаарна. Бид бол тэр чиглэлийг нь Монголдоо хөгжүүлнэ. Тэр хэрээр манай хүүхдүүдийн үнэлэмж ч өндөр байх болно. Жишээ нь, барилгын чиглэлээр төгссөн хүүхэд сарын таван сая төгрөгөөс доош цалин авахгүй л гээд зогсч байх жишээтэй. Яагаад гэвэл, сургалтын чанар чансаа нь ийм үнэлэмжид хүргэнэ.

-Жилд хэчнээн оюутан төгсгөнө гэж төлөвлөж байгаа вэ?

Ж.Галбадрах:- Жилд 175 гэсэн хяналтын тоотой л доо. Гэхдээ заавал энэ тоонд тулгаж авахгүй. Энэ жил гэхэд 120 оюутан элсүүлнэ гэж тооцож байгаа. Яваандаа сургууль маань өргөжинө. Багшлах боловсон хүчин, мэргэжлийнхээ тоог ч нэмнэ.

-Төрөөс хэрэгжүүлж байгаа 70.000 зэрэг “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-т танай оюутнууд адилхан хамрагдаад л явна биз дээ?

Ж.Галбадрах:- Тэгэлгүй яахав, бүх л тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдана. Оюутны 70.000-аа ч авна.

-Үүнээс гадна профессорын багт хамрагдаж байгаа оюутнууд судалгааныхаа чиглэлээр ажиллаж олсон орлогоос хувь хүртэх боломж бий юү?

Ж.Галбадрах:- Яг л компанийн ажилтан шиг явна гэж ойлгох хэрэгтэй. Нэг төсөл хэрэгжлээ гэж бодъё. Тэр төсөл дээр оюутнууд гүйцэтгэгчээр орж ирж байгаа учраас хувиа хүртээд л явна. Мөн төлбөрөө хөнгөлүүлэх зэрэг олон нөхцөл байж болно. Ер нь бол оюутны өөрийнх нь судалгааны ажил ч байж болно шүү дээ. Тайваны их сургуулиуд бол энийг мундаг хийсэн байдаг юм билээ.