Шинэ Монгол Технологийн дээд сургууль
New Mongol institute of technology

Г.ЭГШИГЛЭН: Сургуульдаа эзэмшсэн инженер сэтгэлгээ өдөр тутам ажилд маань хэрэг болдог

24.06.2021

ПРОГРАМ ХАНГАМЖИЙН НЭГДҮГЭЭР ҮЕИЙН ТӨГСӨГЧ

Сургуулиа төгсөөд гурван жил өнгөрчээ. Одоо хаана, ямар ажил эрхэлж буйгаа танилцуулахгүй юу?

- “Procraft Digital Design Agency”-д дизайн спринт мастер, төслийн менежерээр ажиллаж байна. Эзэмшсэн мэргэжлээс маань бага зэрэг өөр ажил. Дизайн спринт мастер гэсэн мэргэжил Монголд тийм ч танил бус, шинэлэг мэргэжилдээ ордог. Хамгийн энгийнээр тайлбарлавал ямар ч компанийн шийдэж чадахгүй байгаа, эргэлзээтэй, айдастай байгаа төслүүдийг дөрөв хоногийн дотор бодит бүтээгдэхүүн болгон гаргаж, зорилтот хэрэглэгчээр нь бүтээгдэхүүнээ туршуулан суралцах, алхам алхмаар тодорхойлсон аргачиллыг удирдаж, чиглүүлдэг мэргэжлийг хэлнэ.  

Ажлын байр дээр бакалавртаа суралцаж, эзэмшсэн мэдлэгээ хэр хэрэглэж чадсан бэ?

- Миний хувьд сургуульдаа сурсан онолын мэдлэгээ мэдээж хэрэглэсэн. Мөн инженер хүний сэтгэлгээг өдөр тутамдаа ашигладаг. Энэ нь өдөр тутмын амьдрал болон ажилд маань маш их нөлөө үзүүлдэг. Аливаа болохгүй байгаа зүйлийг хүчээр засах гэхээс илүү нарийн ул сууринаас нь эхэлж гол асуудал хаана байгааг нь зөв дарааллаар шийдэхийг хичээдэг.

Шинэ Монгол Технологийн дээд сургуулийг сонгосон тань хэр зөв шийдвэр байсан бэ?

- Суралцаж байх хугацаанд маань Идэрээ багш, Ганзориг захирал, Байгалмаа багш, Коосений Буянжаргал захирал, болон бусад багш нар маань өөрийнхөө хүүхэд шиг л зааж зөвлөж байсанд үнэхээр их талархдаг. Зөвхөн хичээл гэхээс илүү хувь хүний хөгжилд тустай зүйлсийг хүртэл зааж зөвлөж, тусалж дэмжиж байсан. Хичээл, суралцах арга барил, зөв сэтгэлгээ, олон улсын оюутан солилцоо гээд бүгдийг эргээд харахад яах аргагүй хамгийн зөв шийдвэр байжээ.

Манай төгсөгчдийн өмнө ямар ямар боломжууд нээгддэг вэ? ШМТДС-д элсэн орж байгаа дүү нарт тань хэрэгтэй байх.

-Инженер сэтгэлгээ, оюутан бүртэй хангалттай тулж ажиллах сайн багш нар, гадаадад оюутан солилцоогоор явах боломж, хичээлийн тухтай орчин, өөрийгөө хөгжүүлэх клубууд, мөн “Мартагдашгүй намар” кино шиг атрын аян гээд маш олон сайхан зүйлс хүлээж байгаа.

Цаашдаа хийж бүтээхээр төлөвлөж буй ажлынхаа талаар сонирхуулбал?

-Цаашдаа дэлхийн дизайны хөгжилд хурд, хөгжил нэмнэ гэсэн компанийнхаа уриаг бодит биелэл болгохын тулд баг хамт олноороо хамгийн сайнаараа хичээн ажиллаж байна. Монголдоо хийсэн ажил бүр минь биелэл болж гудамжны самбар, телевиз, сошиалаар харагдах бүрд үнэхээр сайхан санагддаг. Удахгүй Азийн таван оронтой зайнаас холбогдож хийсэн ажил маань танилцуулгаа хийх тэр мөчийг догдлон хүлээж байна даа.

Төгсөгч Г.Эгшиглэндээ баярлалаа. Таны цаашдын ажилд өндөр амжилт хүсье.