Шинэ Монгол Технологийн дээд сургууль
New Mongol institute of technology

Б.ЭНХСАЙХАН: Дэлхийд архитектураараа хоёрт жагсдаг “NIKKEN SEKKEI consulting” компанид ажиллаж чадсан

24.06.2021

БАРИЛГЫН ИНЖЕНЕРИЙН НЭГДҮГЭЭР ҮЕИЙН ТӨГСӨГЧ

1. Саяхан л сургуулиа төгсөж байсан ч хэдийн гурван жил өнгөрчээ. Төгсөгчдийн уулзалтаар төрөлх сургуульдаа эргээд ирэхэд ямар сэтгэгдэл төрж байна?

  - Сургуульдаа удаан хугацааны дараа эргээд бүх зүйлс нь дотно, багш, ажилчидтайгаа уулзаад халуун дулаан яриа өрнүүлэхэд оюутан насандаа очсон юм шиг сайхан санагдлаа.

2. Энхсайханы хувьд сургуулиа төгсөөд Японд магистрт суралцаж, амжилттай төгсөөд ирсэн. Энэ тухайгаа ярьж өгөөч? Ямар чиглэлээр, ямар сургуульд суралцсан бэ?

  - Би бакалавраа барилгын инженер мэргэжлээр төгсөөд Япон Улсын Засгийн газрын 100 хувийн тэтгэлгээр Ёкохамагийн Үндэсний Их Сургуульд “Structural engineer”-ээр магистрын зэрэг хамгаалсан. Тус сургууль 1949 онд байгуулагдсан, 42 улсын 139 их дээд сургуулиудтай хамтран ажилладаг, судалгааны чанар болон төгсөгчдийн ажилд орох зэргээрээ улсдаа дээгүүрт ордог сургууль. Миний суралцсан International Infrastructure Management хөтөлбөр нь инженерийн мэдлэгээс гадна менежментийг давхар заадгаараа онцлог.

3. Одоо хаана, ямар ажил эрхэлж буйгаа танилцуулахгүй юу?

- Японд магистрын зэрэг хамгаалахаар хоёр жил суралцаж төгсөөд зургаан сар судлаач оюутнаар үргэлжлүүлэн суралцаж, эх орондоо эргэн ирээд авто замын судалгааны iROAD институтэд Гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байна. Манай институт олон салбарын эрдэмтэд болон инженерүүдийг холбож авто замд гардаг асуудлуудыг шийдэх зорилгоор хэд хэдэн төслүүдийг амжилттай эхлүүлээд явж байна. Миний хувьд ажилчдадаа Япон болон бусад олон улсын судалгааны аргуудаас заан чиглүүлж, эерэг манлайлал үүсгэхээр хичээнгүйлэн ажиллаж байна.

4.  Японд суралцахад мэдлэгийн зөрүү хэр байсан бол? Өөрөөр хэлбэл бакалавртаа суралцаж, эзэмшсэн мэдлэг нь хэр хэрэглэгдэж чадсан бэ? Мөн Япон болон Монголын сургалтын ялгааны талаар ярьж өгөөч?

     -Японд магистрт суралцах үед тухайн сонгож авсан сэдвийнхээ хүрээнд судалгаа хийдэг болохоор ижил төстэй судалгааны өгүүлэл унших, лаборатори болон талбайн туршилтууд хийх, долоо хоног болгон семинарт хамт суралцаж байгаа оюутнууд, багш нартаа илтгэл тавих зэрэг хувь хүний хичээл зүтгэлийг шаардах арга барил түлхүү хэрэг болж байсан. Мэргэжлийн хичээлүүд болох Structural Dynamics, Geotechnical Engineering гэх зэрэг олон хичээл дээр бакалаврт гүнзгий суралцсан математик, физик, химийн академик мэдлэгүүд маш их хэрэг болж байлаа. Төгсөлтийн судалгааны үеэр олон улсын нийтлэлүүд уншихад мэргэжлийн англи хэлний хичээлийн мэдлэг мөн хэрэг болж байсан. Би магистрт суралцаж байх хугацаандаа дэлхийд архитектураараа хоёрт жагсдаг “NIKKEN SEKKEI consulting” компанид давхар ажиллах завшаан тохиосон юм. ШМТДС-даа сурсан Шинэ Монгол соёлын ачаар Япон компанийн соёлд хурдан дасаж ажилчиддаа магтуулж байсан.

5. Цаашдаа бодож, төлөвлөсөн олон ажлууд байгаа байх. Тэр талаараа дурсвал?

     -Миний хувьд Шинэ Монгол технологийн дээд сургуулийг сонгосон шалтгаан нь олон улсад өрсөлдөхүйц хэмжээний инженерийн мэдлэгийг өөрийн болгож гадаадын их сургуульд дэвшин суралцах байсан. Тэр зорилгодоо ч хүрч Япон Улсад мэргэжил дээшлүүлж, томоохон компанид ажиллаад ирсэндээ туйлын баяртай байдаг. Олон талын өргөн хүрээний мэдлэгийг Шинэ Монгол соёлын хамт надад өгсөн нь дан ганц оюуны хөгжлөөс гадна хувь хүний хөгжилд ихээхэн тус болсон болохоор Шинэ Монгол Технологийн дээд сургуулиа сонгосон шийдвэрээ зөв шийдвэр гэж боддог.

6. Манай төгсөгчдийн өмнө ямар ямар боломжууд нээгддэг вэ? ШМТДС-д элсэн орж байгаа дүү нарт тань хэрэгтэй байх.

     -Төгсөгчид маань нэгэнтэйгээ илүү дотно нөхөрлөх боломжийг намрын ажилд явах, багаар уралдаан тэмцээнд орох зэргээр олж, урт удаан нөхөрлөлийг үүсгэж чаддаг. Мөн сургуулийн эргэх холбоо сайн тул төгссөн ч гэсэн бусад төгсөгч, багш удирдлагуудтайгаа ойрхон ажиллаж, туслалцаа авах боломжтой байдаг.

7. Цаашдаа хийж бүтээхээр төлөвлөж буй ажлынхаа талаар сонирхуулбал?

     -Цаашдаа судалгааны институтийг Монголдаа хөгжүүлж, авто замд гардаг асуудлуудыг шинжлэх ухааны ул суурьтайгаар судлан шийдэх зорилготой байгаа. Түүнчлэн, олон улсын хурал зөвлөгөөнд оролцож, залуу инженер болон судлаачдыг дэмжин ажиллаж, дэд бүтцийг сайжруулахаар зорьж байна.

Төгсөгч Б.Энхсайхандаа баярлалаа. Цаашдын ажилд нь амжилт хүсье.