Шинэ Монгол Технологийн дээд сургууль
New Mongol institute of technology

Би хэрхэн суралцдаг вэ? ШМТДС-ийн 4-р курсийн оюутан Т.Нямгэрэл

23.06.2020

Сайн байна уу? Намайг Төрмөнхийн Нямгэрэл гэдэг. ШМТДС-н 4-р курсийн оюутан. Хөвсгөл аймгийн Рашаант сумын төрөх эмнэлэгт мэндэлсэн. Ам бүл 5. Аав, ээж, 2 дүүгийн хамт Эрдэнэт хотод өссөн. 2016 онд Ш. Отгонбилэгийн нэрэмжит ШУТИС-н дэргэдэх Лицей Сургуулийг төгссөн.

NMIT Student festival

Яагаад програм хангамжийн чиглэлээр суралцах болсон бэ?

7-р ангидаа анх компьютертой болсноос хойш тоглож, шимтэж их ухаж, төнхөж хичээлээс бусад ихэнх цагийг л зарцуулдаг байсан. Сүүлд интернеттэй танилцсанаас хойш компьютерийн үндсэн ажиллагаа, наад зах нь бидний өдөр тутмын амьдралдаа ашигладаг апп, програмууд, тоглоомын цаана ямар гайхалтай хөгжүүлэлтүүд явж байдгийг олж мэдээд их догдолж, сурч аваад өөрийн гэсэн бүтээлтэй болохыг хүсдэг болсон. Би өөрөө урлагт их хайртай байсан болохоор код бичих нь ч гэсэн нэг төрлийн урлаг юм шиг санагдаж байсан. Бидний үзэж байгаа тв, кино дүрс, зураг бичлэг ч гэсэн хэдэн сая тооноос бүтэж байдаг шүү дээ. Үүний цаана төгс ажилладаг програмчлал л байгаа. Ийм учраас л бусад мэргэжлээс илүү их татагдсан.

Өөрийн тань сонирхол эсвэл хобби юу вэ?

Сагс тоглох, дуулж бүжиглэх, уран зөгнөлт кино үзэх гээд бусдын л адил хобби сонирхолтой байсан курс ахих тусам өөрийгөө их голдог болсон. Сүүлийн үед фитнессээр хичээллэх, хөгжим тоглох, унших гээд шинэлэг хоббитой болж байгаа.

Та хэр их уншдаг вэ? Одоо ямар ном/ нийтлэл уншиж байна вэ?

Өмнө нь нэг их унших сонирхол байдаггүй байсан. Яалт ч үгүй уншдаггүй хүн уншдаг хүнээсээ хэдэн алхам хойно байдгийг анзаарснаас хойш аль болох ном, нийтлэл уншихыг эрмэлздэг болсон. Одоо “Чонон сүлд” эхлүүлчхээд уншиж байна. UNREAD-н нийтлэлийн хэв маяг их таалагддаг, мэдээ контэнтуудыг нь уншдаг. Одоо дипломын ажил дээрээ төвлөрч байгаа болохоор сэдвийнхээ дагуу судалгааны ажлуудыг уншиж, судалж байна даа.

Хийж гүйцэтгэх зүйлсээ хэрхэн төлөвлөдөг вэ?

Ерөнхий зураглалаа дэвтэртээ бичиж гаргаад өдөр өдөрт нь хуваагаад утасныхаа Reminder-таа бичдэг.

Оюутан болоод хамгийн ихээр ойлгож авсан зүйл тань юу вэ?

Оюутны амьдралын жил бүр л сорилт байсан юм шиг санагддаг. Бүхий л талаараа найз нөхөд, хайр дурлал, сурлага, хувь хүний хөгжил, хариуцлагатай байдал гээд би нийгэмд ямар байр суурь эзлэхийг хүсдэг вэ? үүний тулд ямар хүн байх хэрэгтэй вэ? би яаж өөрийгөө хамгийн сайн түвшинд хүргэх вэ? гээд энэ бүх асуултынхаа хариултыг авч багахан ч гэсэн чадвар эзэмшиж яваа юм байна гэдгийг л ойлгосон. Дан ганц мэргэжил эзэмших биш.

Мэдээж өөрт тань үлгэр дуурайлал авдаг хүн байдаг байх. Тэр хүнийхээ тухай бидэнтэй товчхон хуваалцаач?

Амьдралд үлгэр дуурайлал авах хүн олон гэж боддог. Гудамжаар зөрөх нэгэн, хажуудах найз гээд л зөв үйлдэл, зөв хандлагатай хүн бүрээс урам зориг үлгэр дуурайлал авдаг. Санамсаргүй хэлсэн хэн нэгний үг хүртэл хүний амьдралыг өөрчилдөг шүү дээ. Өнгөрсөн жил 3.5 жилээр төгссөн Баярцогт найз минь, хэзээ ч нугардаггүй Идэрбаатар багш минь, чанга хатуу зарчимч ШМЭХ-н захирал Галбадрах багш гээд манай сургуульд үлгэр дуурайлал болсон мундаг хүмүүс их байдаг шүү.

Та одоо юун дээр төвлөрч байгаа вэ? Ойрын төлөвлөгөө

Дээр хэлсэнчлэн бакалаврын судалгааны ажилдаа төвлөрч байна даа. Мөн бие бялдарын хувьд өөртөө өөрчлөлт хийх гээд л бэлтгэл их хийж байна.

Санал болгох ном, хөгжим, кино

Аниме үздэггүй хүн байвал Fullmetal Alchemist-г санал болгож байна. Би өөрөө өмнө нь аниме үздэггүй байсан л даа. Найзынхаа санал болгосон Fullmetal Alchemist-г үзэхэд маш гоё мэдрэмжүүд, мөн тэр гайхалтай зохиол, үзэмж, агуулга нь маш их таалагдсан.

Хөгжим гэвэл Justin Bieber-н сүүлийн цомог үнэхээр таалагдсан учраас санал болгож байна.

Одоогийн нийгэмд ямар хандлагыг түгээхийг эрмэлздэг вэ?

Өөрийгөө хэн нэгний үлгэр дуурайлал болдог хүн гэдгийг ухамсарлаад хог хаяхгүй, эргэн тойрноо бохирдуулахгүй байхаас л бүх зүйл эхэлнэ гэдэгтэй санал нийлдэг. Мөн дээр нь юунаас ч хойш суулгүй шинэ зүйлсийг туршиж үздэг байгаасай л гэж хүсдэг дээ.

Sakura science 2018

Таны хувьд ямар аппликэйшн эсвэл хэрэгслүүдийг ашигладаг вэ?

IMusic, Instagram, UltimateTabs, Looktv ихэвчлэн ашигладаг.

Урилгыг хүлээн авч оролцсонд баярлалаа

Заа урьж оролцуулсанд баярлалаа