Шинэ Монгол Технологийн дээд сургууль
New Mongol institute of technology

Би хэрхэн суралцдаг вэ? ШМТДС-ийн 3-р үеийн төгсөгч Ө.Уранбилэг

23.06.2020


Сайн байна уу? Намайг Өнөрбатын Уранбилэг гэдэг. Би 10 жилээ Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын ЕББДС-д 2016 онд суралцаж төгсөөд ШМТДС-ыг 2020 оны 1 дүгээр сард Химийн инженерчлэл мэргэжлээр 3.5 жилийн хугацаанд суралцаж төгссөн. Одоогоор Токиогийн Технологийн Их Сургуульд материал судлалын чиглэлээр мастерийн түвшинд суралцахаар хүлээж байна.

Яагаад химийн инженер мэргэжлээр суралцах болсон бэ?

Миний хувьд 8-дугаар ангид байхаасаа хойш л хими болон байгалийн ухааны хичээлүүддээ илүү сонирхолтой байгаад зогсохгүй олимпиад тэмцээн уралдаанд их оролцдог байсан. Үүндээ хөтлөгдөн явсаар нэг л мэдэхэд химийн инженерээр сурна гэж шийдсэн. Тухайн үедээ Химич, Химийн инженер ямар ялгаатай болох, инженер хүн гэж чухам юу хийдэг талаар мэдлэг маш хомс байсан шиг санагддаг. Дуртай зүйлээрээ л үргэлжлүүлэн суръя гэж шийдсэн хэрэг. Харин суралцаж байх хугацаандаа инженер, тэр дундаа химийн инженер нь манай улсад ямар их шаардлагатай ховор мэргэжил вэ? гэдгийг ойлгосон. Мөн нэрнээс нь сонсоход ганц химийн шинжлэх ухааныг гүнзгийрүүлэн судалж мэргэших мэт боловч инженер гэдэг нь илүү өргөн хүрээг хамардаг учраас физик, математик, биологи гээд бүхий л салбар шинжлэх ухааны суурь мэдлэгүүдийг эзэмшиж үүнийгээ үйлдвэрийн процессыг удирдан зохион байгуулахад ашигладаг. Иймээс зөвхөн лабораторид суугаад шинжилгээ хийнэ гэхээс илүүтэй маш өргөн хүрээг хамарсан хөрвөх боломжтой мэргэжил юм. Мэдээж хэн хүнд амаргүй мэргэжил шиг санагддаг.

Өөрийн тань сонирхол эсвэл хобби юу вэ?

Би багаасаа маш олон зүйлд сонирхолтой хүүхэд байсан. Спортоос бусад бараг бүгдийг л оролдож үзсэн. Харин эцэст нь хичээл сургууль гээд тогтсон цагтай олон ажлын хажуугаар чөлөөт цаг гарсан үедээ хийхэд хамгийн их сонирхол татаж, стресс тайлж, сэргээж байгаа зүйлээ хийх нь л чухал гэдгийг ойлгосон. Тиймээс цаг гарвал хамгийн түрүүн ном нийтлэл унших, зураг зурах, ууланд гарах, хоол хийх, гадаад хэл сурах, иогоор хичээллэх гээд аль болох өөрт тавтай зүйлсээ хийдэг.

Та хэр их уншдаг вэ? Одоо ямар ном/ нийтлэл уншиж байна вэ?

Би ерөнхийдөө их уншдаг. Шинжлэх ухаан, сонин хачин, эрүүл мэнд, загвар, хувь хүний хөгжил, уран зохиол гээд хэрэгтэй хэрэггүй бүгдийг нь. Үүнийгээ бас бусадтай хуваалцаж ярилцах дуртай. Нэг сонин зүйл нь надад миний гээд байх ном бараг байдаггүй чөлөөт цагаараа номын санд очиж унших л их дуртай байсан. Сүүлийн үед ном унших маань бүр цөөрчээ. Ихэнхдээ л нийтлэл уншиж байна.

Хийж гүйцэтгэх зүйлсээ хэрхэн төлөвлөдөг вэ?

Энэ бол миний хувьд хамгийн чухал зүйл. Орчин үед дижитал төлөвлөгөөний олон арга хэрэгслүүд бий болоод байна. Үүнийг төлөвлөгөөндөө маш үр дүнтэйгээр ашиглаж чаддаг хүмүүс байдаг. Харин миний хувьд цаасан дээр бичиж тэмдэглэх нь бүр зуршил болжээ. Хамгийн эхэнд жилийн зорилгуудаа тодорхойлж жагсаан бичнэ. Үүний дараа бүр дэлгэрэнгүй бичнэ хэдий хугацаанд хийж дуусгах вэ? ямар ямар алхмуудыг гүйцэтгэх хэрэгтэй вэ? гээд нүдэнд харагдтал схемлээд төлөвлөчихдөг. Харин өдөр тутмын ажлын хувьд хийх ажлаа дуусгах хугацаатай нь хамт жижиг дэвтэр дээр бичээд явдаг. Тэгээд аль болох бүхий л ажлаа хугацаанд нь дуусгахыг хичээдэг. Нэг хэсэг өдөрт хийх ажлаа тэдэн цагт энийг хийнэ гээд нэг бүрчлэн бичдэг байсан гэтэл энэ нь надад нэг их тохиромжтой санагдаагүй учраас одоо бол юу юу хийх вэ? гэдгээ тодорхойлоод л тухайн өдөртөө амжуулахыг хичээдэг.

Оюутан болоод хамгийн ихээр ойлгож авсан зүйл тань юу вэ?

Хэдий чинээ их хичээнэ, түүний үр шим нь заавал эргэж ирдэг гэдгийг хамгийн сайн ойлгосон. Нэг удаа хичээгээд бүтэлгүйтсэн ч үүний цаана заавал нэг сурсан зүйлтэй үлддэг. Ер нь 10 жилийн сургуулиас ялгаатай нь чиний ямар оюутан байх вэ? гэдгийг өөрийн тань хичээл зүтгэл л шийддэг юм шиг санагдсан. Өрөө л судалж мэдэж, бусдаас асууж сурч оролдож байх хэрэгтэй. Өөрийн хүссэн үр дүнд хүрэхийн тулд юу хийх хэрэгтэйгээ маш тодорхой мэдэж байх нь чухал. Миний хувьд суралцаж байх хугацаандаа Тайван болон Япон улсад судлаач оюутнаар амжилттай суралцан, мөн Японы тэргүүлэх сургуульд тэнцэж чадсан маань ч үүнтэй холбоотой гэж боддог.

Мэдээж өөрт тань үлгэр дуурайлал авдаг хүн байдаг байх. Тэр хүнийхээ тухай бидэнтэй товчхон хуваалцаач?

Надад хамгийн том урам зориг өгдөг хүмүүс бол миний гэр бүл аав ээж маань юм. Сайн муу бүхий л талаараа тэднээсээ суралцах зүйл их. Бас эргэн тойрон дахь бүхий л хүнээсээ сайн талыг нь олж харж, суралцахыг хичээдэг. Найз нөхдөөс эхлээд хүн бүрт үлгэр дуурайлал болохуйц сайхан шинж чанар заавал байдаг.

Та одоо юун дээр төвлөрч байгаа вэ? Ойрын төлөвлөгөө

Одоогоор хичээл маань хараахан эхлээгүй байгаа учраас ихэнх цагаа өөртөө болон гэр бүлдээ зориулж байна. Мөн цаашид хийх зүйлүүдээ нухацтай төлөвлөж бодож байна.

Санал болгох ном, хөгжим, кино

Ном: Тина Фей “Босс хүүхэн”- Маш хөгжилтэй байдлаар бичсэн хэрнэ их зүйл ойлгуулдаг. Мишель Обама “Becoming”- Эмэгтэй хүн бүр уншиж үлгэр дуурайлал авах ном.

Кино: The pursuit of happyness, The terminal

Хөгжим: Mac ayres “Easy”

Одоогийн нийгэмд ямар хандлагыг түгээхийг эрмэлздэг вэ?

Хүн болгоныг шинжлэх ухаанч байгаасай гэхгүй ч ямарваа нэгэн мэдээлэлд ул суурьтай, үндэслэлтэй хандаасай гэж хүсдэг. Үүний цаад учир шалтгаан гаргалгаа нь юу байж болох талаар багахан ч гэсэн эргэцүүлж байх хэрэгтэй.

Таны хувьд ямар аппликэйшн эсвэл хэрэгслүүдийг ашигладаг вэ?

Урилгыг хүлээн авч оролцсонд баярлалаа.

Заа маш их баярлалаа.