Шинэ Монгол Технологийн дээд сургууль
New Mongol institute of technology

Би хэрхэн суралцдаг вэ? ШМТДС-ийн 3-р курсийн оюутан Г.Маралгоо

23.06.2020

Сайн байна уу? Намайг Ганчулууны Маралгоо гэдэг. Би Улаанбаатар хотод төрж өссөн. Аав, ээж, хоёр дүүгийн хамт амьдардаг. Бага ангиасаа Ирээдүй цогцолбор сургуульд суралцаж, Ирээдүй цогцолбор 1-р ахлах сургуулийг төгссөн. Одоогоор Шинэ Монгол Технологийн Дээд сургуулийн 3-р курст архитектурын мэргэжлээр суралцдаг. Мөн сургуулийнхаа оюутны зөвлөлд клубууд хариуцаж ажиллаж байгаа.

Яагаад архитектурын чиглэлээр суралцах болсон бэ?

Миний хувьд 3 настайгаасаа хойш зураг зурах их дуртай хүүхэд байсан. Дунд ангиас эхлээд шугам зургийн хичээл ордог болсон нь зурах хүслийг минь улам бадрааж өгсөн. Тухайн үедээ сонирхлоороо хэд хэдэн олимпиадад орсон. Ерөнхийдөө тэр үеэс эхлээд өөрийнхөө чиглэлийг тодорхойлж эхэлсэн. Яг үнэндээ тухайн үед архитектурын талаар маш бага ойлголттой байсан шиг санагддаг. Барилгын зураг зурах л гэдэг төсөөлөлтэй явдаг байлаа. Тэгээд оюутан болоод мэргэжлийнхээ талаар илүү дэлгэрэнгүй ойлголт аваад мэргэжилдээ бүр илүү дурлаж байгаа.

Өөрийн тань сонирхол эсвэл хобби юу вэ?

Сонирхол, хобби гэвэл маш олон зүйл байгаа. Ерөнхийдөө багаасаа маш олон зүйлийг сонирхож туршиж үзэж байсан. Тодорхой дурдвал би зураг зурах дуртай, кино үзэх маш их сонирхолтой, мөн ном унших, ямар нэг зүйлийг бүтээлч маягаар хийх дуртай. Аливаа зүйлийн хэв маягийг эвдэж, сонирхолтой болгохыг эрмэлздэг нь миний хобби гэх юм уу. Бас дээр нь би зургаан настайгаасаа хойш төгөлдөр хуур тоглодог байсан. Сүүлийн жилүүдэд бага зэрэг завсардчихсан болохоор одооноос сэргээх бодолтой байгаа.

Та хэр их уншдаг вэ? Одоо ямар ном/ нийтлэл уншиж байна вэ?

Ном унших гэдэг дэндүү сайхан мэдрэмж шиг санагддаг.Тэр дундаа би өгүүллэг унших их дуртай. Өмнө нь бас бичих их сонирхолтой байсан. Сүүлийн үед хэд хэдэн ном уншиж дуусгасан байгаа. Одоогоор Б.Батрэгзэдмаагийн Очир эрхшээгч романыг уншиж байгаа. Их сонирхолтой санагдаж байгаа шүү.

Хийж гүйцэтгэх зүйлсээ хэрхэн төлөвлөдөг вэ?

Би хувьдаа хийж гүйцэтгэж байгаа ажлуудаа нэгд нэгэнгүй нарийн бичиж байгаад биелүүлээд явах дуртай. Хамгийн сүүлд нь гүйцэтгэлээ харахаар их таатай мэдрэмж төрдөг. Илүү үр бүтээлтэй, чанартайгаар гараасаа гаргасан юм шиг санагддаг.

Оюутан болоод хамгийн ихээр ойлгож авсан зүйл тань юу вэ?

Хамгийн ихээр ойлгож авсан зүйл бол мэдээж чөлөөтэй сэтгэж сурч байгаа. Өмнө нь бага зэрэг нэгэн хэвийн, баригдмал байсан юм шиг санагдсан. Оюутан болоод өөр өөр ертөнцтэй үе тэнгийнхнийхээ хүмүүжил, мэдлэг боловсрол, үзэл бодол, дотоод ертөнцийг хараад суралцахын зэрэгцээ илүү чөлөөтэй сэтгэж сурч байгаа.

Мэдээж өөрт тань үлгэр дуурайлал авдаг хүн байдаг байх. Тэр хүнийхээ тухай бидэнтэй товчхон хуваалцаач?

Би ерөнхийдөө эргэн тойрныхоо бүх хүмүүсээс үлгэр дуурайлал авахыг хичээдэг. Ажиглаад үзвэл хүн болгонд нэг авууштай зан чанар байдаг. Ялангуяа найзууд, найзуудтайгаа байхад ярьж байгаа үг хийж байгаа үйлдэл бүрээс нь үлгэр дуурайлал авдаг. Дан ганц хүнээс гэлтгүй дуу хөгжим, кино, бас Instagram- аас их гоё мэдрэмжүүд авдаг.

Та одоо юун дээр төвлөрч байгаа вэ? Ойрын төлөвлөгөө

Одоогийн энэ чухал цаг үед хувийн ариун цэврээ сайн сахиад өмнө нь хийе гэж бодсон ч тэр болгон амждаггүй, зориглодоггүй байсан зүйлүүдээ эхнээс нь хийж гүйцэтгэж байгаа. Мөн дээр нь энэ цаг үе гэр бүлтэйгээ илүү ойр байх боломжийг олгож байгаа. Өмнө нь хичээл сургууль, сургалт, дугуйлан, найз нөхөд гээд гэр бүлтэйгээ бага цаг хугацааг өнгөрөөдөг байснаа анзаарсан. Тэгээд бас эрүүл хооллож, дасгал хөдөлгөөн их хийж байгаа.

Санал болгох ном, хөгжим, кино

Кино: Green book, The notebook, Hidden figures

Дуу: Snoh Aalegra-Find someone like you, I want you around

Ном: Бүсгүйн код

Одоогийн нийгэмд ямар хандлагыг түгээхийг эрмэлздэг вэ?

Хүн болгоны аливааг харах өнцөг, үзэл бодол өөр байдаг учраас бусдад өөрийн үзэл бодлыг тулгадаггүй байгаасай гэж хүсдэг. Мөн бусдад чин сэтгэлээсээ талархаж, тусалж байх нь маш том эрдэм гэж боддог. Хамгийн гол нь шаардлагатай үедээ хүмүүсийн тусыг авч сурах хэрэгтэй санагддаг.

Таны хувьд ямар аппликэйшн эсвэл хэрэгслүүдийг ашигладаг вэ?

Урилгыг хүлээн авч оролцсонд баярлалаа.

Заа баярлалаа