Шинэ Монгол Технологийн дээд сургууль
New Mongol institute of technology

Би хэрхэн суралцдаг вэ? ШМТДС-ийн 1-р курсийн оюутан Д.Гүнбилэг

17.01.2019

Сайн байна уу? Өөрийнхөө тухай товч танилцуулна уу?

 Юуны түрүүнд намайг урьж оролцуулсанд маш их баярлалаа. Би Эрдэнэт хотод айлын том хүү болж мэндэлсэн. Миний хувьд гэвэл  1-р ангидаа  Арвис бүрэн дунд сургуульд элсэн орж 3-р анги хүртлээ суралцсан. Дараа нь Шинэ Монгол бүрэн дунд сургуульд шилжин суралцаж 2017 онд төгссөн . Багадаа би их дуу муутай, даруухан хүүхэд байсан. Азаар гэрийнхэн маань өөрийгөө хөгжүүлэх тал дээр минь маш их дэмжлэг үзүүлдэг шинэ зүйлд нээлттэй ханддаг хүмүүс учраас түүнийх нь ачаар янз бүрийн шинэ содон зүйлд багаасаа дурлаж эхэлсэн. Цэцэрлэгт байхаасаа л бүжиглэж, зураг зурж, янз бүрийн тэмцээнд оролцож тэр битгий хэл аль хэдийн уншиж сурсан байсан. Магадгүй энэ нь надад цаашлаад маш их өөртөө итгэх итгэл өгсөн гэж боддог.

/media/shinemongolnmit/content/Би_хэрхэн_суралцдаг_вэ?/49895276_141442400085932_2980156581242470400_n.png

Instagram: Blueffox

Таны хувьд саяхан Японы тэтгэлэгт тэнцсэн шүү дээ. Тэр тухай бидэнтэй товчхон хуваалцаач.

 Энэ тэтгэлэг нь Японы засгийн газраас өгдөг Monbukagakusho (MEXT) гэдэг тэтгэлэг байгаа. Товчхон тайлбарлах юм бол жилд 1 удаа, 3 шат дамжлагатай зохион байгуулагддаг. 6 сарын дундуур эхний шатанд мат, хими, физик гэсэн хичээлүүдээр ерөнхий эрдмийн хүрээнд сонгосон чиглэлээс шалтгаалж авдаг. Хоёр дугаар шатанд англи хэл, япон хэл, 7 сард эцсийн шат буюу ам ярилцлага авдаг. Энэ бүхний дараа эцсийн хариу 12 сард гардаг ба  тэнцсэн тохиолдолд дараа жилийн 4 сараас эхлэн 1 жил хэлний бэлтгэлд сураад, өөрсдийн сонгосон чиглэлээр сурч эхэлцгээдэг. Тэтгэлгийн хувьд гэвэл ойролцоогоор сард 120000¥ буюу төгрөгөөр тооцвол 3 саяыг олгодог. Монголд жил болгон ойролцоогоор 500 орчим хүүхэд өгөөд 20 орчим нь л тэнцдэг,их өрсөлдөөнтэй. Гэхдээ эцсийн хариу нь дэлхийн дундажтай харьцуулагддаг тул Монголоос олон хүүхэд өгдөг гэх мэт зүйлд санаа зовох хэрэггүй. Мөн анх бүртгүүлэхэд ахлах сургуулийн дундаж оноо 91% болон дээш, их сургуулийн голч 3,5-аас дээш байхыг шаарддаг тул эдгээрийг анхаарах хэрэгтэй.

Та ямар мэргэжлээр суралцана гэж төлөвлөж байна вэ?

 Би одоогоор архитектурын чиглэлээр суралцахаар төлөвлөж байгаа. Ерөнхийдөө багаасаа  зохион бүтээгч болох хүсэлтэй байсан. Намайг бага байхад Dexter’s laboratory гэдэг хүүхэлдэйн кино гардаг байсан. Тэр үеэс эхлэн шинжлэх ухаан, зохион бүтээх  зүйлд маш их  дурласан.Мөн дээрээс нь багаасаа урлагт маш их дуртай байсан. Харин дараа нь мэргэжил сонголт гэдэг чухал шийдвэртэй тулгарч аль нэгийг нь сонгох хэрэгтэй болсон. Энэ тухай  удаан бодож судалсны эцэст хоёуланг нь хослуулсан мэргэжил болох архитектурыг сонгосон. Надад ер нь барилга гэдэг нэг талаараа урлагийг бидний өдөр тутмын амьдралд буулгасан нэг хэлбэр юм шиг сонирхолтой санагддаг.

Залуу хүний хувьд та өөрийн ирэх 5н жилийг хэрхэн төсөөлж, юуг зорилгоо болгож байна вэ?

Миний сонсож байсан нэг ийм үг байдаг юм л даа.  “Хэрэв чи алдартай тамирчин болмоор байвал хүүхэд насаа золиосол, хэрэв чи алдартай бизнес эрхлэгч болмоор байвал идэр залуу насаа золиосол.” Надад энэ үг их үнэн юм шиг санагддаг. Жишээлбэл, Америкийн алдарт усанд сэлэгч Олимпын 23 алтан медальт Micheal Phelps хүүхэд байхдаа өдөр болгон бэлтгэл хийдэг байсан гэдэг. Амралтын өдөр, баярт өдрүүд ялгаагүй, найзууд нь баяр тэмдэглэж зугаацаж байхад тэр бэлтгэлээ хийсээр л  байсан гэдэг. Түүнийх нь нь үр дүн гарсан эсэх нь мэдээж ойлгомжтой биз. Харин ирээдүйд хувийн карьераа амжилттай авч явахыг хүсвэл оюутан насан дээрээ л маш шаргуу суралцах хэрэгтэй. Үүнээс шалтгаалж л ирээдүйд дэлхийн тавцанд хэр өрсөлдөх чадвартай болсон байна вэ гэдэг нь харагдана шүү дээ. Миний хувьд дараагийн 5 жил яг л тийм байх болов уу?гэж бодож байна.

Өөрийн тань сонирхол эсвэл хобби юу вэ?

 Яг тогтсон хобби гэж хэлэхэд хэцүү л юм. Хааяа зураг зурах дуртай, боломж олдвол бөмбөр тоглоно, гитар, төгөлдөр хуур сонирхож эхэлж байгаа, заримдаа ном уншина, сагс, волейбол, агаарын теннисээр хичээллэнэ, бүжиглэнэ, сүүлийн үед хоол хийх дуртай болоод байгаа /инээв/. Нэг ёсны чаддаггүй юмаа чаддаг болох, шинэ зүйлийг эрэлхийлэх хоббитой юм болов уудаа.

 Та үнэхээр олон төрлийн сонирхолтой юм байна шүү дээ. Тэгвэл хэзээнээс хэрхэн энэ олон сонирхол чадваруудыг өөртөө бий болгосон түүхээсээ бидэнтэй хуваалцаач. Мөн танд энэ бүх зүйлс ямар мэдрэмжийг төрүүлдэг вэ?

 Анх надад зурах, бүжиглэх суурь цэцэрлэгт байхад тавигдсан . Гэхдээ бусдыг нь оролдож эхэлсэн шалтгаан нь бас их сонин л доо. Би бага ангидаа ангийнхаа нэг хүүхдэд худлаа ярьснаас болж энэ түүх эхэлсэн. Хүүхэд байхад угаасаа нэг нэгэндээ гайхуулах гэсэн нэг тийм үе байдгийг хүмүүс ойлгох байх. Яг тийм үед манай найзууд хоорондоо би нээрээ хөгжим тоглож сурч байгаа, би усанд сэлж сурч байгаа гээд л янз бүрээр гайхуулан ярьж  байсныг санаж байна. Би ч гэсэн юугаараа дутах билээ. Би бөмбөр тоглож чадна, дээрээс нь бас бус баахан юм чадна гээд л хэлчихсэн. Жоохон хүүхдүүд дараа нь юу л санав гэж тэгээд ч намайг яг жинхэнэ чадах эсэхийг яаж мэдэх билээ гэж бодоод л өнгөрсөн. Гэтэл дараа нь дунд ангид ороод урлагийн үзлэг болов. Ангиасаа ямар үзүүлбэр гаргах талаар ярьж байтал манай нөгөө найз “Багшаа, нээрээ Гүнбилэг бөмбөр тоглож чадна” гээд л чангаар хэлчихсэн. Тэр үед үнэндээ юу гэж хэлэхээ мэдэхгүй маш их ичсэнээ л санаж байна. Дунд анги тэгсгээд л нам гүм өнгөрсөн. Ахлах ангид харин цоо шинэ үүд хаалга нээгдэх шиг л болсон. Нэг хачирхалтай тохиолдол нь яг тэр үед манай сургуулийн амьд хөгжмийн хамтлагийн гишүүд төгсөх гээд доод үеийн дүү нартаа залгамж халаагаа өгч хөгжим зааж өгөхөөр болсон. Би ч энэ боломжийг алдалгүй ашиглаж жинхэнээсээ бөмбөр сурах боломж тохиосон. Бусдад худлаа ярьснаа ч залруулах боломж олдсон. 10-р ангидаа бүжгийн клуб, бусдын өмнө тааруухан ярьдаг байсан болохоор илтгэх урлаг, хурдан шаламгай болох гэж агаарын теннис, тэсвэр хатуужилтай болох гэж кэндо, бөмбөр, тэр битгий хэл яагаад ч юм ангийн дарга хүртэл болсон байдаг юм. Тэгээд дараа жил нь волейбол, гитар, цэнгээнт бүжгийн улсын аваргад оролцсон. Нэг мэдэхэд төгсөх ангидаа сургуулийн өөрөө удирдах зөвлөлийн дарга болсон байсан. Ихэнх хүмүүс би урьд нь ийм зүйлээр хичээллэж байгаагүй юм чинь чадахгүй байхаа гэж боддог байтал би хэдий хожуу эхэлсэн ч шинэ зүйлсийг оролдож өөрийгөө илүү танин мэдсээр л байсан. Би одоо энэ бүх зүйлийг хийж байсандаа үнэхээр их баярладаг. Энэ бүгдийн дараа би юуг ойлгосон бэ? гэвэл, хүн ямар нэгэн зүйлийг оролдож үзээгүй байж дуртай дургүйгээ шийднэ гэдэг бол үнэхээр утгагүй хэрэг. Маш олон зүйлийг хийж үзсэнийхээ дараа өөрийгөө юунд дуртайг олж мэддэг юм байна гэдгийг ойлгосон. Сургууль ч гэсэн адилхан. Зарим хүүхдүүд багш бид нарын дургүй, мэдэхгүй зүйлийг заагаад байна, над шиг нийгмийн ажил хийх хүнд шинжлэх ухаан хэрэггүй, загасыг модонд авир гэхтэй адилхан гэх мэт янз бүрийн гомдол хэлдэг. Тэдгээр хүмүүст хандаж хэлэхэд, сургуульд маш олон төрлийн хичээл заадгийн ачаар л чи өөрийгөө сармагчин биш загас гэдгийг ойлгодог юм шүү.

Оюутан болоод хамгийн ихээр ойлгож мэдэж авсан зүйл юу вэ? 10н жилээс яг юугаараа ялгаатай санагдсан бэ?

 Оюутан болох надад үнэхээр сонирхолтой санагдаж байна. Үргэлж хүсдэг байсан мэргэжлийнхээ талаар суралцан, өөр өөр чиглэлийн найзуудтай болж, илүү өөрийнхөө амьдралыг өөрөө чиглүүлж байгаа юм шиг сэтгэгдэл төрсөн. Урьд нь бид нар зүгээр л өглөө болгон хичээлдээ явж шалгалтаа өгдөг байсан бол их сургуульд илүү өөр дээрээ төвлөрч, яг хийж байгаа зүйлийнхээ учир шалтгааныг ойлгох гэж мэрийх болсон.  Жнь: ахлах сургуульд бид нарт зүгээр л томьёo хэлж өгдөг бол их сургуульд тэр томьёо хаанаас үүсэл гаралтай гэх мэт дэлгэрэнгүй үздэг болсон.

Та хэр их уншдаг вэ? Одоо ямар ном/ нийтлэл уншиж байна вэ?

Би саяхнаас идэвхтэй уншигч болж ирсэн л дээ. Яг одоогийн хувьд бол “Тоомжиргүй амьдрах бяцхан урлаг” гэдэг номыг англи хэл дээр нь уншиж байгаа. Энэ ном нь бид нарыг өдөр тутамдаа ямар их хэрэггүй зүйлд уурлаж бухимддаг талаар өгүүлдэг их хөгжилтэй ном л доо. Ер нь заримдаа бага ч гэсэн хэнэггүй байх нь хэрхэн аз жаргалд хөтөлдөг талаар өгүүлдэг.


Заа. Мэдээж өөрт тань үлгэр дуурайлал авдаг хүн байдаг байх. Тэр хүнийхээ тухай бидэнтэй товчхон хуваалцаач.


Мэдээж би гэрийнхнээсээ үлгэр дуурайлал авдаг. Аавынхаа сониуч зан, ээжийнхээ нямбай байдлыг өвлөж авах гэж чадахаараа л хичээж байгаа. Гэсэн хэдий ч одоо хүртэл ээжид маань миний байгаа байдал замбараагүй гэсэн үнэлгээ авдаг. Мэдээж тэд их хөгжилтэй, нээлттэй, юманд сэтгэлээсээ хандаж чаддаг хүмүүс л дээ. Яахав сонирхуулж хэлэхэд би “Shawshank redemption” гэдэг киноны Andy Dufresne гэдэг дүрээр өөрийнхөө ирээдүйд хэр мундаг болмоор байгаагаа тодорхойлдог. Энэ киног үзсэн хүмүүс миний хэмжүүрийг бага зэрэг гадарлах байх гэж бодож байна.

Сонирхож хийдэг зүйлсээ улам илүү сайжруулахын тулд өөрийгөө яаж хөгжүүлдэг вэ?

Миний хувьд одоогоор яг өөрийн чадваруудаа илүү сайн зүлгэж өнгөлөх тал дээр ажиллаж байгаа. Ялангуяа ямар нэгэн юмыг чаддаг болсон бол дараа нь тэрийгээ хийхдээ илүү хүндрүүлж сайжруулах хэрэгтэй. Яг нэг юмыг дахин дахин хийгээд байвал ерөөсөө сайжрахгүй шүү дээ, харин мартахгүй л болж магадгүй юм.

Та өөрийн зүгээс өөртэйгөө адил олон төрлийн сонирхолтой хүмүүст ямар зөвлөгөө өгөх вэ?

Над шиг олон зүйлд сонирхолтой хүмүүсийн хамгийн том дайсан нь залхуурах, бодсон ч гэсэн хэзээ ч хэрэгжүүлэхгүй байх, дундаас нь хаях гэж бодож байна. Тиймээс бодсоноо хэрэгжүүлж сурах хэрэгтэй. Тэгээд хамгийн гол нь эцсийг нь үзэх тууштай зан чанартай байгаарай.

Таны хувьд яг ямар аппликэйшн эсвэл хэрэгслүүдийг ашигладаг вэ?

Заа баярлалаа. Урилгыг хүлээн авч оролцсонд.

За баярлалаа.

Ярилцсан: С.Ундармаа