Шинэ Монгол Технологийн дээд сургууль
New Mongol institute of technology

Багш А.Цацрал: "Оюутан байх хугацаанд таны эрхэм зорилго бол сурах юм шүү гэдгийг байнга ухамсарлаж яваасай л гэж хүсэж байна"

24.08.2015


ШМТДС-ийн программ хангамжийн багш А.Цацрал нь Тайвань улсын Пинтун Үндэсний их сургууль руу туршлага солилцох хөтөлбөрт хамрагдахаар тус улсыг зорьсон ба энэхүү хөтөлбөрийн талаарх богино хэмжээний ярилцлагыг хүргэж байна.

Явсан дадлагынхаа талаар товч танилцуулна уу?

Тайваны Пинтуний үндэсний их сургууль (National Pingtung University) нь манай сургуультай хамтран ажилладаг сургуулиудын нэг юм. Уг хамтын ажиллагааны хүрээнд өнгөрсөн 7 сарын 12 –оос 8 сарын 10 хүртэл нэг сарын хугацаатай туршлага солилцох хөтөлбөрийг зохион байгуулсан бөгөөд ШМТДС –ийн 2 оюутан 1 багшийн хамт уг хөтөлбөрт хамрагдаад ирлээ.

Таны бодлоор энэхүү дадлага хэр ач холбогдолтой байсан бэ?

Пинтуний үндэсний их сургууль нь сургалтын нөөцийг хангах, багш нарынхаа мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх, эрдэм шинжилгээний чадвараа дээшлүүлэх, оюутнуудыг чадваржуулах буюу дэлхийд өрсөлдөх чадвартай оюутныг нэмэгдүүлэх гэсэн зорилготойгоор үйл ажиллагаа явуулдаг бөгөөд олон жилийн туршлагатай томоохон сургуулиудын нэг юм. Тиймээс бидний хувьд тус сургуулиас суралцах, санаа авах зүйл их байгаа гэж бодож байна. Миний хувьд өөрийн биеэр очиж үйл ажиллагаатай нь танилцаж бас оролцсоноор цаашид юун дээр хамтран ажиллах мөн эргэж ирээд сургуульдаа хэрэгжүүлж болохуйц олон санаануудыг тэндээс цуглуулж чадсан.

Оюутнуудын маань хувьд тэнд байх хугацаандаа Тайвань оюутнуудтай хамтран олон туршилтуудыг хийсэн. Тэндээс бусад сургуулийн оюутнууд хэрхэн ямар арга барилаар сурч, цагийг хэрхэн хуваарилдаг цаашлаад бусадтай хэрхэн харилцаж байгаа зэргийг мэдэж авсан. Тайвань оюутнуудын хичээнүй, тусч, хариуцлагатай занг тэндээс олж харцгаасан бөгөөд сурч мэдэх өөрийгөө хөгжүүлэх хүсэл тэмүүлэл дүүрэн эх орондоо эргэж ирцгээсэн.

Сурж мэдсэн зүйл их байгаа байх, үүнийгээ хэрхэн ажилдаа хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байна вэ?

Тус сургууль нь оюутнуудтайгаа хамтран олон сайхан үйл ажиллагааг зохион байгуулдаг тэдгээр үйл ажиллагаа нь эргээд оюутандаа маш үр өгөөжтэй байдаг юм билээ. Жишээлбэл физикийн чиглэлээр сурч буй оюутнууд нь өөрсдийн гараар багаж хийгээд түүгээрээ лаборатори байгуулсан байсан. Уг лабораторийн зорилго нь ахлах болон дунд сургуулийн сурагчдад физик амьдралд хэрхэн хэрэглэгддэгийг сонирхолтой аргаар ойлгуулах гэж байлаа. Ер нь бол Пинтуний үндэсний их сургуулийн оюутнууд маш сайн ярьдаг, хийсэн зүйлээ тайлбарлаж чаддаг юм билээ. Өөрийгөө илэрхийлэх, ярих чадварт нь хичээлээс гадуур зохион байгуулж буй үйл ажиллагаанууд нь нөлөөлдөг байх гэж бодсон. Үүний нэг жишээ нь оюутнууд нь зуны амралтаараа ахлах болон дунд сургуулийн сурагчдад хичээл зааж давтлага өгсөнөөр ярих, тайлбарлах чадварыг ихээхэн хөгжүүлдэг гэж байлаа. Оюутнуудынхаа тусламжтайгаар ерөнхий боловсролын сургуулиудтай хамтран ажилладаг нь их зөв санагдсан бөгөөд манайд бас хэрэгжүүлэхэд болохгүй зүйл байхгүй шүү дээ.

Мөн цаашлаад анги танхим, номын сан зэргийг хэрхэн оюутанд таатай байдлаар тохижуулахаас эхлээд олон зүйлийг судалж ирсэн. Боломжтой гэсэн зүйлүүдийг нь өөрийн сургуульдаа хэрэгжүүлэх болно.

Монголдоо очоод сургууль дээрээ үүнийг л хэрэгжүүлмээр байна гэсэн зүйл байв уу?

NPTU –ийн Компьютерийн сургууль нь жилд нэг удаа төслийн тэмцээн зарладаг бөгөөд оюутнууд багаар оролцох боломжтой нэлээд томоохон тэмцээн юм. Уг тэмцээний дүрэм нь оюутнууд бүтэн жилийн турш тодорхой төсөл дээр хамтран ажиллаад 12 сард төслийнхөө үр дүнг танилцуулж бусад багтайгаа өрсөлддөг юм билээ. Өөрийн сургуульд бас жил бүр зохион байгуулагддаг нэрэмжит тэмцээнтэй болбол оюутнууд маань улам идэвхитэй, зорилготой, туршлагатай болох гээд олон давуу талуудтай юм. Цаашлаад боломжтой бол шалгарсан багийг Пинтуний үндэсний их сургуулийн Компьютерийн сургуульд зохион байгуулагддаг тэмцээнд оролцуулбал бүр илүү үр дүнтэй гэж бодож байна.

Оюутнууддаа хандаж өгөх зөвлөгөө танд байна уу?

Оюутан байх хугацаанд таны эрхэм зорилго бол сурах юм шүү гэдгийг байнга ухамсарлаж яваасай л гэж хүсэж байна. Зарим оюутнууд гэрийнхэнтэйгээ аялана, найзтайгаа уулзана, ажил хийнэ гэсэн шалтгаанаар хичээлээ хойш нь тавьдаг гэтэл эдгээр шалтгаанууд бол таны 1 –р зорилго биш гэдгийг л ойлгож хариуцлагатай сураасай гэж хэлмээр байна.