Шинэ Монгол Технологийн дээд сургууль
New Mongol institute of technology

Багц цаг ба хичээл

Багц цаг ба хичээл


Багц цаг нь дээд боловсролын сургалтын үйл ажиллагааг хэмжих нэгж бөгөөд оюутны суралцах ачаалал, багшийн сургалтын ажлын хэмжээ, сургалтын төлбөрийг тогтоох үндсэн хэмжүүр, дээд боловсролын зэрэг олгох сургалтад тавигдах стандартын шаардлага, сургалтын үйл ажиллагааны төлөвлөлт, санхүүжилт, зохион байгуулалтын харилцааг зохицуулах үндэслэл болно.

ШМТДС-ийн хувьд нэг багц цагийн хэмжээ нь ажлын 70 хоног буюу 14 долоо хоногтой улирлын хувьд 42 цагтай тэнцүү байна.

Тухайн хичээлийн багц цаг нь уг хичээлээр эзэмших мэдлэг, чадвар, хандлагыг эзэмшихэд оюутны зарцуулах нийт хугацаа буюу тухайн хичээлийн танхимын цаг болон танхимын бус цагийг багтаасан, дундаж оюутны бие даан ажиллах цагийн нийт ачааллаар илэрхийлэгдэнэ. Үүнийг хичээлийн мэдээлэлд дөрвөн тоон цифрээр тодорхойлж бичнэ. Үүнд:

Нэгдүгээр цифр нь лекцийн танхимын цаг;

Хоёрдугаар цифр нь семинарын танхимын цаг;

Гуравдугаар цифр нь лаборатори, зохион бүтээх болон дадлагын хичээлийн цаг;

Дөрөвдүгээр цифр нь дундаж оюутны бие даан суралцахад зарцуулах цагийг илэрхийлнэ;

Дадлага, төсөл, бакалавр болон магистрын судалгааны ажил зэрэг сургалтын бусад хэлбэрээр оюутны сурах үйл ажиллагаанд зарцуулах 42 цагийг нэг багц цагтай дүйцүүлж тооцно.

Хичээлийн нэр нь товч, тодорхой, товчлоогүй, бусад хичээлийн нэртэй давхцахгүй байна. Хичээлийн нэрийн тухай тэнхмийн саналыг хөтөлбөрийн хороогоор хэлэлцэж, шийдвэрлэнэ.