Шинэ Монгол Технологийн дээд сургууль
New Mongol institute of technology

А.АНУДАРЬ: Шинэ Монгол технологийн дээд сургуулийн төгсөгчдийг аль ч компани маш дуртай, нааштайгаар хүлээж авдаг

24.06.2021

БАРИЛГЫН ИНЖЕНЕРИЙН ГУРАВДУГААР ҮЕИЙН ТӨГСӨГЧ

Жилийн өмнө сургуулиа төгсөж байсан. Төгсөгчдийн уулзалтаар сургуульдаа эргээд ирэхэд ямар сэтгэгдэл төрж байна?

- Төгсөөд жилийн дараа сургуульдаа ирэхэд үгээр илэрхийлэхийн аргагүй маш гоё сэтгэгдэл төрсөн. Сургуулийн үүдээр орж ирээд л оюутны дөрвөн жилийн дурсамж нүдний өмнүүр жирэлзээд л өнгөрөх шиг болж, сэтгэл огшоод ирсэн дээ. Сургуулиа болон сургуулийн хамт олноо, найз нөхөд, багш нараа маш их санасан байна. Төгсөгчдийн анхдугаар уулзалтыг зохион байгуулсан ШМТДС-ийнхандаа маш их баярлаж байна.

Одоо хаана, ямар ажил эрхэлж буйгаа танилцуулахгүй юу?

- Барилгын зураг төслийн хувийн компанид Барилга, бүтцийн инженерээр ажиллаж байна. Төгссөн мэргэжлээрээ ажиллаж байгаа ч ажлын байран дээрээ дахин суралцсаар л явна даа.

Ажлын байр дээр бакалавртаа суралцаж, эзэмшсэн мэдлэгээ хэрэглэхэд бэрхшээл байсан уу?

- Эзэмшсэн мэдлэгээ ажлын байран дээр хэрэглэхэд ямар ч бэрхшээл гараагүй. Харин мэргэжлийн хичээлээр олж авсан мэдлэгээ бие даан илүү бататгаж, бүр цааш нь гүнзгийрүүлэн судалдаг байж дээ гэж бодогдож байсан. Ажлын байран дээр гараад эзэмшсэн мэдлэгээ хэдий цааш гүнзгийрүүлэн судалж үзэхийг хүсэж байлаа ч ажлын ачааллаас шалтгаалан бие дааж онолын мэдлэгээ бататгах, гүнзгийрүүлэн үзэж судлах цаг төдийлөн гарахгүй тул оюутан байхдаа сонирхож байгаа чиглэлээ барьж аваад түүнийгээ гүнзгийрүүлэн үзэж судалбал илүү зүгээр байсан юм болов уу гэж бодсон.

Шинэ Монгол Технологийн дээд сургуулийг сонгосон тань хэр зөв шийдвэр байсан бэ?

-Ахлах сургуулиа төгсөөд их сургуулиа сонгож чадахгүй маш их эргэлзэж, тээнэгэлзэж байснаа сайн санаж байна. Тухайн үед би ШМТДС-ийг, ШМТДС маань ч бас намайг сонгосон мэт тийм мэдрэмж төрж байлаа. Би ШМТДС-н төгсөгч, түүнчлэн ШМТДС-аараа овоглож явдагтаа маш их баярладаг. Шинэ Монгол технологийн дээд сургуулийг сонгосон маань хамгийн зөв шийдвэр байсан гэдэгт зуун хувь итгэлтэй хариулж чадна.

Манай төгсөгчдийн өмнө ямар ямар боломжууд нээгддэг вэ? ШМТДС-д элсэн орж байгаа дүү нарт тань хэрэгтэй байх.

-ШМТДС-ийн төгсөгчид сургуулиа төгсөөд хүссэн ямар ч компанидаа ажилд орох хүсэлт гаргахад бүгд маш дуртай, нааштайгаар хүлээж авдаг. Яагаад гэвэл ШМТДС маань маш чанартай хөтөлбөрөөр чанартай мэргэжлийн боловсон хүчин бэлтгэн төгсгөдөг учраас ажлын байр олдохгүй байх вий гэдэг айдас манай төгсөгчдөд байдаггүй. Түүнчлэн бакалавраа төгсөөд гаднын улс оронд мастерийн зэргээ хамгаалах хүсэлтэй оюутнууддаа сургууль маань маш их тусламж, дэмжлэг үзүүлдэг. Үүнд тусгайлан зориулсан “Карьер” төв манай сургуульд байдаг. Хэдий төгсөөд ажлын байран дээр гарсан ч сургуультайгаа холбоотой байж, багш нараасаа хүссэн үедээ тусламж, дэмжлэг авах боломжтой байдгаараа хамгийн том давуу талтай юм уу гэж боддог. 

Цаашдаа хийж бүтээхээр төлөвлөж буй ажлынхаа талаар сонирхуулбал?

- Хийж бүтээхээр төлөвлөж байгаа маш олон сайхан санаанууд бий. Тэр дунд ШМТДС-тайгаа хамтарч хийх хүсэлтэй санаанууд ч байгаа. Мэргэжлийн хувьд Монголдоо нэгээс хоёр жил ажиллаж ажлын туршлага хуримтлуулаад гадагшаа зэрэг ахиулахаар сурах төлөвлөгөөтэй байгаа. Түүнээс гадна өөрийн хүсэл сонирхлын дагуу ажлаасаа гадуур интерьер дизайны чиглэлээр суралцаж давхар мэргэжил эзэмших төлөвлөгөөтэй байгаа.

Төгсөгч А.Анударьдаа баярлалаа. Цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье.